Sunday, February 10, 2013

2-р сарын 10 буюу Би Талын хөх чоно

О.Дашбалбар

Би-талын хөх чоно!
Сур шиг сунаж,
Сухай шиг улайж,
Эрчит дөрвөн хөлөөрөө
Ээрэм талыг гаталж
Агт сайн морьдын туурайг сульдааж
Анч сайхан эрсийн хорхойг хөдөлгөж
Арван халтар нохойг замд нь цувуулж
Агшин бүрдээ үхэлтэй тэрсэлсэн
Би-талын хөх чоно! 




Wednesday, February 6, 2013

Элегия


Хайрт аав Ж. Очирбатын гэгээн дурсгалд зориулмуу
    1.
Хашаатын дэрс нь хаврын салхинд ганхана
Хажуугаар нь гарахдаа харвал, хайртай аав минь бодогдоно.
Дэлтэй хүрэн морио унаж ууландаа гараад харвал
Дэлхийд үгүй аав минь дэргэд юм шиг санагдана.

Улиасыг найгуулдаг хаврын хавсарган салхинд нь
Учирснаас хагацаадаг хорвоогийн хуурамчийг мэдлээ.
Манант хөндийн уулс минь намирч хөхрөөд л байна.
Мартахын аргагүй аав минь өглөө үдэшгүй бодогдоно.


Wednesday, February 8, 2012

Мөн чанар буй аваас



МӨН ЧАНАР БУЙ АВААС

Эрхэм хүмүүн Ч.Агваандоржид зориулвай....

I
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Намар би гунихгүй байж эс чадна, зүрх минь буй!
Нас талийж, өвгөрч буйгаа ч мэднэм, хүн чанар л . . .
Намайг зүүдний сүвэгч шиг зайгаар ч үе үе гэрэлтүүлж
Найран дээр нулимс мэлтэрнэ, надад юу буй, юу эс буй?

Wednesday, October 5, 2011

Би огт гунихгүй



Зорилгогүй тоглоомонд өртөж, золгүй амьдралаа мартаж
Зол жаргалыг үзэн ядавч зоргоороо амьдрах би дуртай
Ертөнц даяараа намайг мартсан ч би огт гунихгүй
Ертөнц даяараа намайг магтсан ч би огт мишээхгүй
Энэ ертөнцөд ердийн энгийн адуу шиг, шувуу шиг амьдарч
Эргэж ирэхээр нисэн одож, буцан ирэхдээ хүн шиг л амьдарна
Амьдралын зорилго инээдийг минь хүргэнэ, юу юм бэ…
Амьд яваа минь бурханы тоглоом, үйлийн сүлжээс!
Далдуу модтой, номтой, хүүхэнтэй, дарстай тоглож
Дашбалбартайгаа ч тоглож явсаар би дөч гарлаа
Намайг Дашбалбар гэж нэрлэсэн юм, энэ миний өмсгөл
Надаас нэр-хувцсыг минь хуу татвал би хэн юм бэ?

1998.11.22

О.Дашбалбар "Оюун санааны яруу найраг" номоос...
Д.Гангабаатарын гарын үсгээ зурж дурсгасан “Оюун санааны яруу найраг” номыг барьж аваад эргүүлтэл энэ шүлэг... Блогт нь байршуулах ёстой шүлэг байна гэж бодоод бичлээ. Амьдралын тухай гүн бодох...

АМЬДРАЛ СЭЛГЭХИЙН УЧИР БУЮУ ҮРГЭЛЖЛЭЛ…


2009 онд яруу найрагч, сэтгүүлч Данзаннямын Шагдарсүрэнгийн 70 насны ой тохиосон билээ. Найрагчийн шавь, яруу найрагч Б.Магсаржав түүний яруу найргийн бүрэн түүврийн 2 боть ном эмхэтгэн хэвлүүлсэн бөгөөд номуудыг яруу найрагчийн дүү Ногоондарийн охин Болортуяа ивээн тэтгэсэн байна. Яруу найрагч О.Дашбалбар бээр хамгийн анх удаа уулзсан “амьд” яруу найрагч Дан.Шагдарсүрэнгийн тухай “АМЬДРАЛ СЭЛГЭХИЙН УЧИР БУЮУ ҮРГЭЛЖЛЭЛ…” хэмээх нэгэн сайхан хөрөг бичсэн байдаг. Тэрээр "Бурханы мэлмий" номынхоо оршилд "Миний хамгийн Хамгийн хайртай найрагч минь Равжаа, Нацагдорж, Явуухулан, Цэдэндорж, Шагдарсүрэн нар билээ" хэмээн бичсэн байдаг. Ингээд “Үндэс мөчир шиг Үүрд хамт байгаач ээжээ” хэмээх дуу нь олноо ихэд түгсэн эл найрагчийн тухай О.Дашбалбарын бичсэн хөрөг нийтлэлээс хэсэглэн толилуулж байна. Энэ нийтлэлийг нь үе үе шүүрэн авч унших дуртай бөгөөд хоёртой уулзсан юм шиг болж сэтгэл нэг л сайхан болдог юмаа. О.М


ЗҮҮДЭНДЭЭ Ч БИ ЧИНГИС ХААНЫГ ДУУДНАМ

Надтай, надгүй ч амьдрал үлдэнэ
Наран мандаж, саран ургаж ээлжилнэ.
Ганцхан заяасан Эх орныхоо төлөө
Гаргуунд нь гаргая, энэ биеэ!…

Эх орон минь ногооны талбай болж,
Эцэг дээдсийн минь ясыг харийнхан гишгэлж,
Цугаараа гутамшиг болохыг үзсэнд орвол
Цусаа дуустал тулалдаад унасан нь дээр!…

Wednesday, February 10, 2010

ДӨЧИН ХОЁР НАС

Өнөөдөр би дөчин хоёр нас хүрлээ, өнгөт орчлонгийн нас дөчин хоёр хүрлээ
Өвлийн тэнгэр, өндрийн одод дөчин хоёр нас хүрлээ
Холхи алсын уулс, хонгор талын толгод дөчин хоёр нас хүрлээ
Хорвоо дээр надтай цуг уулс, хонгор талын толгод дөчин хоёр нас хүрлээ
Аугаа тэнгэр мөнхийн настай, үхэлгүйн шидтэй ч
Аяа, миний л хувьд өнөөдөр дөчин хоёр настай
Асралт наран тэрбум, тэрбум жилийг элээсэн ч аяа миний л хувьд дөчин хоёр настай...

Өдгөөгөөс 11 жилийн өмнө 1999 оны 02-р сарын 10-ны энэ өдөр буюу төрсөн өдрөөрөө бичсэн шүлэг нь ингэж эхэлдэг... Яагаад тэр өдөр ДӨЧИН ХОЁР НАС гэдэг шүлэг бичсэн юм бол? Яагаад ч юм бэ, Би түүнийг үнэхээр ЗӨНЧ найрагч байсан гэдэгт би бүр багаасаа итгэсэн юм.