ДАШБАЛБАРЫН
ХАЙРЛАХУЙН ТАРНИ
Нэг.
Зуны сүүл сарын ухаа ягаан үдшийг би тод санаж байна. Манайх
Жигжидийн зуслангийн зүүн хаяаг бараадаж Сэлбийн хөвөөнд ойрхон модон тагз
барьсан юм. Манай араар фермийн малтай айлууд зусч байв. Сүхбаатар аймгаас
ирсэн шүлэгч О.Дашбалбар тэр зун шүлэг бичих ганцхан ажилтай. Орой ажлаасаа
ирэхэд өвсөн дээр ширдэг дэвсэж түрүүлгээ хараад шүлэг бичиж хэвтэнэ. Шингэж
буй нарны сүүлчийн туяа үнээн зэлэн дээр аргалын цэнхэр утаатай нийлэлдэн,
улбар хөхөлбий манан татна. Үхэр тугал, мөөрөлдөн, хүүхдүүдийн цовоо дуу
тэнгэрт хадна. О.Дашбалбарын тэр орой бичсэн шүлэг нь
Салхиар ганхах цагаан
өвсөнд ч амь нас минь буй
Сайхан эх орон минь…
хэмээн эхэлдэг юм.
Энэ мөр түүний бүхий л уран бүтээлийн оршил аялгуу болон
эгшиглэсэн гэж би боддог. “Оддын эгшиглэнт аялгуу” нэртэй анхны номоо тэр энэ
мөрөөр эхэлж, хожим арван боть номынхоо эхэнд энэ шүлгээ залсан юм.
