Tuesday, October 15, 2013

Өөдрөг аяз

Өнөөдөр энэ шүлгийг нь Өөрт нь зориулмуй. 

Очирбатын Дашбалбар
 
Өөдрөг аяз


Яруу найрагч Б.Явуухулан, М.Цэдэндорж нарын гэгээн дурсгалд зориулмуу.


Нарт орчлонд хүн үхдэггүй юм
Намрын шувуу шиг буцаж ирэхээр нисдэг юм.
Униар татсан талын гүн рүү одож
Урин хаврын яргуй болж дэлгэрэхээр буцдаг юм.

Мөнх цэлийсэн тэнгэрийн цэнхэрлэгт нийлэн
Мөнхүү тэнгэр болж бидний дээрээс ширтдэг юм
Мөрөн голын хээ болж эцэс төгсгөлгүй мяралзан
Мөрөөдөлт орчлонгийн элгэнд намуухан урсдаг юм.

Газраар алхаж явсан мөрийг нь өөр хүн гишгэж
Гараараа илбэж үзсэн мөчрийг нь өөр хүн тордоно.
Гагцхүү эргэж ирэхээр явсан хүнийг харуулдан хүлээж
Газар дээрх одод шөнийн чимээгүйд сэрүүн хононо.

Үлгэр домог хэлэлцэн, гал тойрон суухдаа хүмүүс
Үнэнийг худлаас ялган, хуурын эгшгээр аялгуулж
Үүрд одсон хүмүүс өөрсдийнх нь сэтгэлд эргэн ирж
Үдшийн цаг дуунд амилан амьдарч байгааг мэдэрнэ.

Өдөр, шөнийн агсам цагаан морьдыг хөлөглөн
Өргөн орчлонд довтолгож яваа хүмүүсийг би үзнэм.
Өглөө эртийн нугад цэцэг түүж яваа охины
Өлмийд нь шүүдэр болж гялалзах мөрөөдлийг биширнэм.

Өөрийгөө шатааж, бусдыг гэрэлтүүлсээр дууссан
Өнө эртний Бруно бүрэнхийд хаалга нээн орж ирнэ.
Босгоны дэргэд чимээгүй зогсож, нөмрөг нь унжина
Бодлогширсон нүднээс нь хоёр од гялтганан унах шиг...

Мянга мянган жилийн цаанаас хүмүүс эргэн ирж
Мөнх номын хуудаснаас бидэнд үгээ шивнэж байна
Гар дээрх номоор амилан бодолд минь амьдрагч хүмүүсийн
Гайхамшигт туяа намайг дотроос минь гийгүүлнэм.

Алга болсон хүмүүсийн дурсгал-үргэлжлэл бид нар юм!
Амьд яваа цагтаа юутай ч зүйрлэшгүй хөшөө нь бид юм!
Гэрэлт орчлонгоос одогсод биднээр дамжин эргэнэ.
Гэгээн наран доор тэд урьдын адил амьдарна...

1999.10.16

Нэгэн танилынхаа цуглуулганаас энэ сонинг олж үзлээ. Тэртээ 14 жилийн өмнөх Өнөөдөр сонины эхний нүүр тэр чигээрээ энэ хүнд зориулагджээ. Зургийнх нь дээр он сар...

Г.Мэнд-Ооёо "Дашбалбарын хайрлахуйн тарни"



ДАШБАЛБАРЫН ХАЙРЛАХУЙН ТАРНИ

Нэг.

Зуны сүүл сарын ухаа ягаан үдшийг би тод санаж байна. Манайх Жигжидийн зуслангийн зүүн хаяаг бараадаж Сэлбийн хөвөөнд ойрхон модон тагз барьсан юм. Манай араар фермийн малтай айлууд зусч байв. Сүхбаатар аймгаас ирсэн шүлэгч О.Дашбалбар тэр зун шүлэг бичих ганцхан ажилтай. Орой ажлаасаа ирэхэд өвсөн дээр ширдэг дэвсэж түрүүлгээ хараад шүлэг бичиж хэвтэнэ. Шингэж буй нарны сүүлчийн туяа үнээн зэлэн дээр аргалын цэнхэр утаатай нийлэлдэн, улбар хөхөлбий манан татна. Үхэр тугал, мөөрөлдөн, хүүхдүүдийн цовоо дуу тэнгэрт хадна. О.Дашбалбарын тэр орой бичсэн шүлэг нь

Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй
Сайхан эх орон минь… хэмээн эхэлдэг юм.

Энэ мөр түүний бүхий л уран бүтээлийн оршил аялгуу болон эгшиглэсэн гэж би боддог. “Оддын эгшиглэнт аялгуу” нэртэй анхны номоо тэр энэ мөрөөр эхэлж, хожим арван боть номынхоо эхэнд энэ шүлгээ залсан юм.

Monday, October 14, 2013

Ц.Бавуудорж хэлэхдээ:



Ц.Бавуудорж “Тэрбээр /Дашбалбар/ намар хэмээх гэгээн ертөнцийн дууч байв”