Sunday, April 7, 2013

Эх орон-Оюун санаа-Яруу найраг” наадам болно

“Дашбалбар судлал” төвөөс жил бүр уламжлал болгон явуулдаг “Эх орон-Оюун санаа-Яруу найраг” наадмын тов гарчээ. Тус наадмын гол зорилго нь залуу авьяастнуудыг хөхүүлэн дэмжих, тэднийг эрдэм судлалын ажилд дур сонирхолтой болгох мөн “Дашбалбар судлал”-ыг хөгжүүлэхэд оршдог юм. Яруу найргийн наадам, эрдэм шинжилгээний бага хурал, уран бичлэгийн уралдаан гэсэн гурван төрөлд оролцогчдын бүтээлийг энэ сарын 19-ны 18:00 цаг хүртэл dashbalbrstudies@gmail.com хаягаар болон 96658808, 99993758 дугаарын утсаар холбогдон биечлэн авчирч өгч болох ажээ. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж хоёрдугаар шатанд 15 шилдэг илтгэл, 15 шилдэг яруу найргийг шалгаруулан дөрөвдүгээр сарын 28-ны өдөр олон нийтэд зарлах гэнэ. Илтгэлийн хувьд Утга зохиол судлал, Сэтгүүл зүй, Шашин судлал, Улс төр судлал, Соёл судлал гэсэн бүтээлүүдийг хүлээж авах ба бүх төрөлд нь яруу найрагч О.Дашбалбарын намтар, уран бүтээлийн онцлогийг тусгасан байх шаардлагатай бол уран бичлэгийн уралдаанд О.Дашбалбар агсаны шүлэг, ишлэлээс Монгол уран бичлэгээр бичсэн бүтээлээ илгээх юм байна.
“Эх орон-Оюун санаа-Яруу найраг”  наадмын эцсийн шалгаруулалт тавдугаар сарын 3-ны 10 цагт Тусгаар тогтнолын ордон”-ы 3 давхарын дугуй зааланд болох бол наадмын тэргүүн байрт өргөмжлөл 300 мянган төгрөг, дурсгалын зүйлийг гардуулах юм. Нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч О.Дашбалбарын нэрэмжит тус наадмыг энэ жил Сүхбаатар аймгийн “Оюутан залуучуудын хөгжлийн төв”, Монголын залуу зохиолчдын холбоо, Яруу сэтгэгч нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа юм байна. 

http://art.news.mn/content/139707.shtml