Нэг.
Зуны сүүл сарын ухаа ягаан үдшийг би тод санаж байна. Манайх Жигжидийн
зуслангийн зүүн хаяаг бараадаж Сэлбийн хөвөөнд ойрхон модон тагз барьсан
юм. Манай араар фермийн малтай айлууд зусч байв. Сүхбаатар аймгаас
ирсэн шүлэгч О.Дашбалбар тэр зун шүлэг бичих ганцхан ажилтай. Орой
ажлаасаа ирэхэд өвсөн дээр ширдэг дэвсэж түрүүлгээ хараад шүлэг бичиж
хэвтэнэ. Шингэж буй нарны сүүлчийн туяа үнээн зэлэн дээр аргалын цэнхэр
утаатай нийлэлдэн, улбар хөхөлбий манан татна. Үхэр тугал, мөөрөлдөн,
хүүхдүүдийн цовоо дуу тэнгэрт хадна. О.Дашбалбарын тэр орой бичсэн шүлэг
нь
Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй
Сайхан эх орон минь… хэмээн эхэлдэг юм.
Энэ мөр түүний бүхий л уран бүтээлийн оршил аялгуу болон эгшиглэсэн гэж
би боддог. “Оддын эгшиглэнт аялгуу” нэртэй анхны номоо тэр энэ мөрөөр
эхэлж, хожим арван боть номынхоо эхэнд энэ шүлгээ залсан юм.
Шүлгэнд цагаан өвс байна. Тэр цагаан өвс салхиар ганхах аж. Тэгвэл түүнд
үндэс ёзоор, амь амьсгал буй агаад цагаан өвсөнд яруу найрагчийн бие
сэтгэл нэгдэн оршиж буйг мэдэрнэм. Тэрбээр ногоорон халиурсан их
тариалангийн бэлчээрийг бус, ганхах ганц өвсөнд амь нас буйг мэдрэхдээ
өвсний амь, хүний амь хоёрын заагийг үгүйсгэж байна.
Сэтгэлээ ариусгаж, махан бодио өвс ногооны чинь ширхэг бүхэнд өгье
Санаагаараа жаргаж, гол усны чинь ариун тунгалагт уусъя.
Яруу найрагчийн өвс ногоо, гол усандаа уусан жаргаж, шүлгэн ертөнц дотор
нь мөнх тэнгэр оршиж, монгол нар Гангабаатар хүү шиг нь инээж,
шаргалхан уулсынхаа хормойд үүлсээр нь нулимсаа арчиж байна. Шүлгэн
ертөнц дотор нь болжмор жиргэж, яруу найргийн тэнгэр Янжинлхам алтан
ятгаа дэлдэж, аргалын утаа суунаглан, хонь ямаа үхэр малын чимээ, хүүхэд
багачуудын цовоо дуу сонсогдоно. Чухам үгүй дутуугүй монгол ертөнц
шүлгийн амь биеийг цогцлоож, монгол зураг дурайн, монгол аялгуу
эгшиглэнэ. Ингэж анзаарваас О.Дашбалбарын хойшдын бүхий л уран бүтээлийн
удиртгал, бэлгэ тэмдэг, эгэл өвснөөс эхлээд эх орон, дэлхий ертөнцөө
хайрлах агуу их хайрын нь охь ундарага энэ шүлгээс бүрэн төгөлдөржиж
эхэлсэн гэлтэй.