Wednesday, October 5, 2011

Би огт гунихгүй



Зорилгогүй тоглоомонд өртөж, золгүй амьдралаа мартаж
Зол жаргалыг үзэн ядавч зоргоороо амьдрах би дуртай
Ертөнц даяараа намайг мартсан ч би огт гунихгүй
Ертөнц даяараа намайг магтсан ч би огт мишээхгүй
Энэ ертөнцөд ердийн энгийн адуу шиг, шувуу шиг амьдарч
Эргэж ирэхээр нисэн одож, буцан ирэхдээ хүн шиг л амьдарна
Амьдралын зорилго инээдийг минь хүргэнэ, юу юм бэ…
Амьд яваа минь бурханы тоглоом, үйлийн сүлжээс!
Далдуу модтой, номтой, хүүхэнтэй, дарстай тоглож
Дашбалбартайгаа ч тоглож явсаар би дөч гарлаа
Намайг Дашбалбар гэж нэрлэсэн юм, энэ миний өмсгөл
Надаас нэр-хувцсыг минь хуу татвал би хэн юм бэ?

1998.11.22

О.Дашбалбар "Оюун санааны яруу найраг" номоос...
Д.Гангабаатарын гарын үсгээ зурж дурсгасан “Оюун санааны яруу найраг” номыг барьж аваад эргүүлтэл энэ шүлэг... Блогт нь байршуулах ёстой шүлэг байна гэж бодоод бичлээ. Амьдралын тухай гүн бодох...

АМЬДРАЛ СЭЛГЭХИЙН УЧИР БУЮУ ҮРГЭЛЖЛЭЛ…


2009 онд яруу найрагч, сэтгүүлч Данзаннямын Шагдарсүрэнгийн 70 насны ой тохиосон билээ. Найрагчийн шавь, яруу найрагч Б.Магсаржав түүний яруу найргийн бүрэн түүврийн 2 боть ном эмхэтгэн хэвлүүлсэн бөгөөд номуудыг яруу найрагчийн дүү Ногоондарийн охин Болортуяа ивээн тэтгэсэн байна. Яруу найрагч О.Дашбалбар бээр хамгийн анх удаа уулзсан “амьд” яруу найрагч Дан.Шагдарсүрэнгийн тухай “АМЬДРАЛ СЭЛГЭХИЙН УЧИР БУЮУ ҮРГЭЛЖЛЭЛ…” хэмээх нэгэн сайхан хөрөг бичсэн байдаг. Тэрээр "Бурханы мэлмий" номынхоо оршилд "Миний хамгийн Хамгийн хайртай найрагч минь Равжаа, Нацагдорж, Явуухулан, Цэдэндорж, Шагдарсүрэн нар билээ" хэмээн бичсэн байдаг. Ингээд “Үндэс мөчир шиг Үүрд хамт байгаач ээжээ” хэмээх дуу нь олноо ихэд түгсэн эл найрагчийн тухай О.Дашбалбарын бичсэн хөрөг нийтлэлээс хэсэглэн толилуулж байна. Энэ нийтлэлийг нь үе үе шүүрэн авч унших дуртай бөгөөд хоёртой уулзсан юм шиг болж сэтгэл нэг л сайхан болдог юмаа. О.М


ЗҮҮДЭНДЭЭ Ч БИ ЧИНГИС ХААНЫГ ДУУДНАМ

Надтай, надгүй ч амьдрал үлдэнэ
Наран мандаж, саран ургаж ээлжилнэ.
Ганцхан заяасан Эх орныхоо төлөө
Гаргуунд нь гаргая, энэ биеэ!…

Эх орон минь ногооны талбай болж,
Эцэг дээдсийн минь ясыг харийнхан гишгэлж,
Цугаараа гутамшиг болохыг үзсэнд орвол
Цусаа дуустал тулалдаад унасан нь дээр!…