2009 онд яруу найрагч, сэтгүүлч Данзаннямын Шагдарсүрэнгийн 70 насны ой тохиосон билээ. Найрагчийн шавь, яруу найрагч Б.Магсаржав түүний яруу найргийн бүрэн түүврийн 2 боть ном эмхэтгэн хэвлүүлсэн бөгөөд номуудыг яруу найрагчийн дүү Ногоондарийн охин Болортуяа ивээн тэтгэсэн байна. Яруу найрагч О.Дашбалбар бээр хамгийн анх удаа уулзсан “амьд” яруу найрагч Дан.Шагдарсүрэнгийн тухай “АМЬДРАЛ СЭЛГЭХИЙН УЧИР БУЮУ ҮРГЭЛЖЛЭЛ…” хэмээх нэгэн сайхан хөрөг бичсэн байдаг. Тэрээр "Бурханы мэлмий" номынхоо оршилд "Миний хамгийн Хамгийн хайртай найрагч минь Равжаа, Нацагдорж, Явуухулан, Цэдэндорж, Шагдарсүрэн нар билээ" хэмээн бичсэн байдаг. Ингээд “Үндэс мөчир шиг Үүрд хамт байгаач ээжээ” хэмээх дуу нь олноо ихэд түгсэн эл найрагчийн тухай О.Дашбалбарын бичсэн хөрөг нийтлэлээс хэсэглэн толилуулж байна. Энэ нийтлэлийг нь үе үе шүүрэн авч унших дуртай бөгөөд хоёртой уулзсан юм шиг болж сэтгэл нэг л сайхан болдог юмаа. О.М
О.Дашбалбар
АМЬДРАЛ СЭЛГЭХИЙН УЧИР БУЮУ ҮРГЭЛЖЛЭЛ…
Арван тавтайдаа би айж ичсээр, хэдэн шүлгээ барин Шагдарсүрэн рүү очсон юм. Амьд, жинхэнэ яруу найрагчийг анх удаа харж буй минь тэр!
Баахан сүрдсэндээ болоод би түүнийг сайтар ажиглаж ч чадсангүй. Их л ууртай хүн шиг санагдсан. ”Сүхбаатарын зам” сонины бяцхан өрөөнд сууж байсан хэдэн хүн ч намайг нэг л дооглосон янзтайд би бушуухан гарахын түүс болж билээ. Ингээд миний урам хугарч, зохиолч болдог ч өнгөрлөө, тэр хүн тоохгүй байхад их л муу юм хийж дээ гэж гуниглаж билээ. Түүнээс жилийн дараа Омскоос захиа явуулсанд хариу ирсэнгүй!
Анхны уулзалтаас хоёр жилийн дараа би түүн рүү дахин нэг дэвтэр шүлгээ бариад тэссэнгүй очив. Тэр үед би хилийн дээс алхаж гадаадад хоёр жил суусан8 нүүр нэлээд хагарсан арван долоотой хөвгүүн, зориг зүрх гаргаж яруу найрагчийн ширээг түшиж зогслоо.
Намайг суу гэж ч хэлсэнгүй. Би балчирдаж, гэнэн айдас бас л эзэмдэв. Энэ удаа намайг тэнгэр таалж, яруу найрагч хэдэн шүлгийг минь сайшаасны дотор:
“Холын хол байгаа сэтгэлд дотно газар
Холхи оддын доорх тансаг баян нутаг
Шүлэгч Есениний эгшиглэн дуулсан байгаль
Шүүдэр гялалзсан Рязанын тал нутаг” … гэсэн бадаг бүхий нэгэн шүлгийг үнэн сэтгэлээсээ магтаж, яг ийм л шүлэг бичих хэрэгтэй хэмээгээд Нямсүрэн гэдэг залуугийн шүлгийг надад гайхуулан уншиж, жинхэнэ монгол авъяастай хүн дээ гэв. “Гусим” гэдэг шүлэг надад ч сайхан санагдаж, би тэр Нямсүрэнд их л атаархаж билээ.
Сүүлд мэдвэл, тэр Нямсүрэн нь миний хоёрдугаар ангийн багш бөгөөд гуравт ордог жил өөр суманд шилжиж, бас сүүлд дуулвал цэрэгт явсан сонстож, ер арваад жил уулзаагүй, сүүлийн хэдэн жил сураг нь дуулдаагүй нөгөө хайртай хүн минь байлаа. Ийнхүү яруу найрагчаас яруу найрагчийнх нь сургийг дуулсан бүлгээ! Би “Гусим”-ийг тэр дор нь цээжилж, үдэшлэг олон нийт дээр их л баяртай уншиж, хүмүүс ч шохоорон хүлээж авдаг сан. Ялангуяа охид…Тэр шүлэгт ямар нэг шохоорхмоор юм байгааг би мэдэвч, чухам юу болохыг нь мэдэхгүй, хэлж чадахгүйдээ гомддог байв.
Шагдарсүрэн рүү би өдөр бүр очих болж, айж ичих минь алгуурхан замхарч, түүнийг мэддэг болж эхлэв. Зэрвэсхэн харахад ихэмсэг зантай юм шиг, дөлөөд байвал хөндий хүйтэн, ойртож нөхөрлөөд илэн далангүй болохын үед ер бусын ухаалаг, сэргэлэн, айхавтар хорон ёжтой үгтэй хүн санж. Туйлын цэвэр цэмцгэрхэн явна. Гадаа явж байхыг нь харахад нэг л сайхан. Дэлий нь зассан хүлэг морь гэмээр дүүхэлзэж, холд тэмүүлнэ үү гэлтэй тогтож ядан байдаг сан. Ёстой яруу найрагч хүн ийм байх гэмээр хийморьтой эр сэн. Тэр үед хөдөө нутагт ховорхон өндөр өсгийтэй шар шаахай өмсөж, шаргал цувтай алхалж явахы нь үзэхүл үнэхээр толгой дээгүүр, хараа хол санагддаг сан. Сумандаа л заан гэдэг шиг аймагтаа л арай өөр байж дээ.
Утга зохиол оролддог бидний хэдэн баньд түүнийг их л шүтэж хайрладдаг сан.
Намар оройхон түүний өрөөгөөр орсонд тамхины утаа нэвтлэн хэдэн хүн сууж байв. Яг тэр агшинд “зөөлөн тамхины утаа шиг алсын цэнхэр манан” гэдэг мөр нь санагдаж билээ. Бас л иймэрхүү яриан дундаасолоо биз. Магсаржав гэдэг залуугийн шүлэгийг магтаж “намрын хөхөмдөг уулс “ гэдэг мөрийг их л олзуурхан хуруугаараа зааж байлаа.Тэр ер нь “хөхөмдөг “ “сүлэлдэх “ гэдэг хоёр үгэнд их дуртай., шүлгэндээ үргэлж оруулдаг байв. Яруу найрагчийн дуртай үг гэж байдаг юм. Жишээлбэл миний найз Д.Цогт “бадмаараг” гэдэг үгийг хамгийн гоё гэнэ. Ш.Сүрэнжав “мянган”, Г.Мэнд- Ооёо “алтан”, Д.Нямсүрэн ”сэрэл”, гэдэг үгэнд дуртай. Дуртай үг бүхэн яруу найрагчаа тодорхойлж байх шиг санагддаг! Шагдарсүрэн бол намрын хөх мананд зогсож байгаа юм шиг сэрэлтэй найрагч байлаа. Тэгээд ч байгальтай сүлэлдэж, түүний өнгийг мэдрэх, өвс ногоо өөр шигээ бодох, уулсын гүнд уусах өөрийгөө уул мэт санах, нар мандаж буй үед яг өөрөө мандаж буй юм шиг баярлах, тэр агшинд бяцхан нар болж хувираад өөрөөсөө гэрэл цацраад буй юм шиг бодох дуртай байсан биз. Александр блок “мөнх”, “нууц”, ”онгон” гэдэг үгэнд дуртай, түүнийг шүлгэндээ үргэлж хэрэглэдэг байжээ. Яруу найрагчийн дуртай үгүүд зан төрх, мөн чанарыг нь илэрхийлэх бөгөөд ухаантай судлаач бол яагаад тэр үгийг сонгосны учрыг л тайлах хэрэгтэй! Блокийн хувьд орчлонд ертөнц мөнхийн, нууцхан ,онгон,тэгээд түүнд нэвтрэхсэн гэдэг эрмэлзэл нь шүлгийн амин сүнс болсон юм. Эдгээр үгсийн утгын мөн чанарийг нээж байж, сая яруу найрагчийн өөрийн гэсэн бүхэл бүтэн ертанцтэй болохын тулд Блок насан турш эрэлхийлж, энэ үгсийг яруу найрагт янз бүрээр оруулж ирдэг байлаа.
Шагдарсүрэн үгиийг гайхалтай соргог тусгаж, нарийн мэдэрдэг сэн.Тэрбээр өөрийгөө Явуухулан, Эрдэнэ хоёрын шавь гэж ярьдаг байв.
“Яргуйт дэлхийг сүү шиг гийгүүлсэн
Ялгуум саранд хүн дуртай
Ярих нь хүртэл дуу шиг сонстох
Янагхан чамдаа би хайртай” хэмээн Явуугийн шүлгийг уншааад “ярих нь хүртэл дуу шиг сонстох” гэдэг мөрийг онцлон авч, их л шимтэнгүй тайлбарлан зөвхөн Явуу л ингэж бичих чадна гэж бидэнд итгүүлэхийг оролддогсон.
Шагдарсүрэн олонтой эвчхэн, ухаалаг, бас цочмог түргэн зантай хүн! Нөгөө Нямсүрэнгийн шүлгийг үргэлж уншиж, бидний шарыг хөдөлгөх бөгөөд, амраг бүсгүйгээ хүлээх шиг түүнийг мөрөөднө. Гэвч Нямсүрэнтэй амьддаа уулзаж чадаагүй бүлгээ. “Ертөнцөд тийм нэг Сүнжидмаа, бидэнд ийм нэг жаахан гуниг байг…”хэмээн Нямсүрэн сүүлд бичсэн. Үнэхээр ч ардын дууны Сүнжидмаатай адилтгам нэг сайхан юм Шагдарсүрэнд байсан. Гучин наймтай нас барж билээ. Таван сайхан ном бичсэнээс сүүлийн гурав нь их л чансаатай санагддаг юм.
“Таван богд шиг алсхан ч байг
Талын уулс шиг даруухан ч байг
Нэгэн бие өөрт минь оногдсон
Нэргүй оргилыг зорьж явна…”
“Бага үд “ ном нь энэ бадгаар эхэлдэг билээ. Өөртөө оногдсон оргилыг зорьж яваад, насныхаа бага үд дээр эрэлхэг уулчин шиг хальсан тэр найрагчийн амьдралын сүүлийн гурван жилийн сайн мэдэх, бүр сүүлчийн жил нь түүнтэй цуг ажиллах, нэг өрөөнд өөд өөдөөсөө харан суух завшаан тохиолдож билээ.
Өглөө эрт ажилдаа ирж, эртхэн бүх юмаа амжуулчихаад, үдээс хойш бас хэсэг ажиллаж, гурван цаг гэхэд чөлөөтэй болчихсон шүлэг зохиол, инээд наргиан болон суудаг сан. Бүр үнэн сэтгэлээсээ цээжний гүнээс инээж, гараараа өвдгөө цохин хөхөрч, баяр баясгалан цацраах мэт суух нь хамт ажилладаг бидэнд ч нэн таатай. Сониноо үйлдвэрт шилжүүлчихсэн өдөр бид нэн жаргалтай уран бүтээлийн халуун ярианд умбадаг сан!
Ганц шил юмны мөнгө над уруу шидэж, алив миний дүү гүйгээрэй гэнэ. Би яваад түүнийг нь авчирна. Тэр шил юмаа том шаазан аяга юм уу, шилэн аяганд хийж хоёр гуравхан хуваагаад л дугтарчихдаг сан. Тэгээд сайхан зантай болж, царай нь улаараад, надад бас аяганы ёроолд жаахан юм ёлтолзуулан өгч, хүртчих, эр хүн! гэнэ. Илүү өгөхгүй. Бодоход, хүүхэд муу юманд сургачихна гэж хайрладаг байсан биз. Тэгээд нэг хэсэг ярьж хөөрнө. Шүлэг уншина. Тэр халуун агшнууд надад мөн ч их юм өгсөн дөө.
Дахиад хэдэн төгрөг гаргаж, миний дүү нэг гүйгээд ирэхгүй юү? гэнэ. Би архинд явахаас дургүйцэнэ. Гол нь хүүхэд гэж намайг зарж байна гэж бодохоор, том хүн болох гэсэн хүсэл минь дийлж татгалзана. Тэр дахин гуйна. Тэгж гуйлгах нь надад таатай бөгөөд, би “чадахгүй “ гэж хэлнэ. ”Юу гэнэ ээ чи?” хэмээн тэр ханцуйгаа шамлан ширээний араас сандлаа барин босож ирснээ “энэ мууд үзүүлээд өгье” хэмээн гараа зангидаж зодох гэж буй дүр үзүүлнэ. Би ширээний араас сандлаа барин босож, “хохь чинь шүү” гэж далайна. Тэгээд хоёулаа өөд өөдөөсөө харж хэсэг зогссоноо, алив миний дүү дахиад нэг гүйгээд ирээч дээ гэж аргадангуй, бүр үнэнээсээ гуйна. Би инээгээд сандлаа тавьж, нөгөө мөнгийг нь атгаад буцаад гүйнэ. Хөндлөнгөөс харсан хүн бол гайхмаар энэ явдал бараг өдөр бүр давтагдана. Энэ нь бид хоёрын хувьд хэвийн тоглоом шоглоом байлаа. Хэрвээ тэгж их уугаагүй бол тэр маань тийм эрт ойчлоо ч үү бүү мэд! Нас барахаасаа хагас жилийн өмнө тэр архинаас гарсан билээ. Гэвч оройтсон байжээ.
Шагдарсүрэн жижигхэн бор гэртээ ээж, хүү хоёртойгоо сууна. Түүнийг гай зовлон дайрч эхлээд авгай нь, удаагүй аав нь сүүлд дүү нь өвчнөөр нас барж билээ. Дарьгангад нэг зун хэдэн яруу найрагчид очсон юм. Шөнө танил айлд очиж жаал юм балгаад ууланд гарч, буцахдаа сарны гэрэлд гол гаталж билээ. Бид сондуул дээгүүр харайж шуугилдан явав. Шагдарсүрэн өмднийхөө шуумгийг өвдгөө ил гартал дээш татаж, сарны гэрэлд жигтэйхэн цагаан хөл гялалзуулан харайж явснаа усанд шал пал хийтэл орж явчихлаа. Би өөрийн эрхгүй инээд алдав.
Уснаас гараад нэг хэсэг зүлгэн дээгүүр чимээгүй явав.
Шагдарсүрэн гэнэт талийгаач эхнэр, аав хоёроо дурсаж, одоо намайг авахгүй л бол хэнийгээ авах вэ дээ? гэж билээ. Их удалгүй дүү нь нас барж, түүнийгээ оршуулах ажилд хот яваад, цаашаа Азербайжан уруу одсон юм. Азербайжанаас сэтгэл нь нэлээд тайвширсан, бүтээх туурвих эрмэлзэл дүүрэн ирсэн.
Өр зүрхнээс уйтгар зайлуулна гэгч
Өндөгнөөс өргөс авахтай тийм ч адилгүй.
Уяхнаас уяхан ялдам зөөлөн сэтгэл гэгч
Олныг өнгөрөөсөн ов мэхтэй даанч ижилгүй …
Яруу найрагчийн зөн билгээрээ тэр өөрийн гунигт үхлийг урьдчилан мэдсэн юм. Нас бардаг жилийнхээ шинэ жилийн сонинд “Сүүлчийн вальс” нэртэй өгүүлсэн шүлгээ нийтлүүлж билээ.
“…Манжуурын толгод хэмээх сүрлэг вальс сэтгэлд эгшиглэнэ.
Их тулааны дараах алжаал
Амсхийлт… Хөнгөн гуниг!
Цэнхэр танхимаас яригчаар “сүүлчийн вальс” гэж хэн нэг нь зарлав.
Баяртай вальс минь! Нэгэн оройн ёслолын хувьд, нэг хүний хувьд чи сүүлчийнх байж болох юм. Хавар гэвэл эхний яргуй шиг, хайр гэвэл анхны дурлал шиг, ариун тансаг, нүд сэтгэлд дулаан, нүүрийн буянтай хүн мэтсайхан, ай вальс минь баяртай!
1977 оны нэгдүгээр сарын нэгний “Сүхбаатарын зам” сонинд энэ шүлэг гарсан. Мөн оны зун яруу найрагч нас барсан. Үнэхээр сүүлчийн вальс байж дээ.
Тэгээд би “өөрийнхөө гунигт үхлийг шүлгэндээ бүү зөгнө, тэр хэлснээр чинь болдогт үгийн чадал оршдог юм” гэсэн Пастернакийн гэрээст үнэмшиж билээ. Он гаргаад тэд эмнэлэгт хэвтсэн. Гэхдээ онцын зовуурь үгүй, ер нь л жаахал сувилуулъя, бас ганц жүжиг бичье гэсэн бодолтой. Гэтэл хэрэг бишдэж, тэр үнэхээр өвдөж эхэлсэн билээ.
Эв эрүүл гялалзаж явсан болохоор түүнийг үхнэ гэж хэний ч санаанд ороогүй. Өөрөө ч үхлийн тухай бодоогүй!
Олон жил хань ижилгүй яваад, 1976 оны намар амралтан дээр нэг хүүхэнтэй танилцаж, тэр нь Октябрийн баяр, мөн шинэ жил, эмэгтэйчүүдийн баяраар ирж, сүүлчийн ирэлтээрээ аваад явсан юм. Хотод хэвтсэн сурагтай.
Удалгүй нэг захиа ирсэнд бие нь муу байгааг дурдаад, ээжийгээ харж хандахыг захисан байлаа. Сар гаруй болоод дахиад нэг захиа ирүүлж, биеэ илээршиж буйг дурдаад “уралдааны морьд нэг эргэвэл ч гайгүй сэн дээ” гэж бичсэн байв. Нээрээ ч удалгүй ирсэн. Ирээд ажилдаа орсон. Олон ч шүлэг бичсэн. Зургаан сард ажлаар хот явсан юм.
Өглөө нь гаргаж өгөхөөр Магсаржав бид хоёр очсонд, тэр дээлээ нөмрөөд цай ууж суулаа. Ээж нь хоол аягалаад гэрийн зүүн баганын дотор талаар өгсөнд ундууцаж, хөгшин сандран нөгөө талаар нь аягатайгаа барихад сая авч, хоолоо идэхээр суутал онгоц ирэх дуулдав. Тэр хоол цайгаа орхин босож, яаран хувцаслах зуур, Магсаржавыг түрүүлж очоод онгоцны билет бичүүлж бай хэмээн гүйлгээд надтай цуг гэрээс гарсан. Гарахдаа хүүгээ үнсээд, ээждээ үнсүүлэн байхад энэ бүхэн эцсийн удаа болно гэж хэн мэдэх билээ.
Бид хоёр онгоцны буудал хүртэл явган алхсан. Замдаа элдэв дэмий юм ярьж, хэний ч толгойд муу юм орсонгүй. Түрүү орой нь харин Шагдарсүрэн толгой өвдлөө гэж байсан. Биднийг буудал уруу очиход Магсаржав өмнөөс онгоны билет барьчихсан ирж явав. би замд Лханаасүрэнтэй тааралдсанд түр саатаж, онгоц уруу очвол, Шагдарсүрэн хэдийн ороод суучихсан байлаа. Би түүнийг дахиж хараагүй, гар барьж, баяртай ч гэж хэлж чадаагүй.
Магсаржав бид хоёр хойшоо алхаж, наадмын талбайн баруун талд ногоон дээр доош харан хэвтэцгээв. Бидний дээгүүр онгоц нисэн гарах үед надад гэнэт муу совин татсан юм уу, бүү мэд ”энэ хүн эргээд бирэх болов уу” гэж билээ. чухам яагаад тэгж хэлснээ мэддэггүй юм.
“Яавал гэж… хүнд өвчтэй байснаа зүв зүгээр болсон юм чинь” гэсэн хариултанд санаа амраап дорхноо мартав.
Удалгүй би эмнэлэгт хэвтэж, нэг өдөр сонин авсанд Шагдарсүрэнгийн хоёр шүлэг гарсан байж билээ. Ээждээ, эх орондоо зориулсан хоёр шүлэг байв. Түүнээс өөр сураг чимээ алга байв. Хэд хоноод нэг өдөр би ажил уруугаа утастсанд сонины ажилтан Гунгаасамбуу утас авав.
-Нөгөө муу Шагаа чинь өнгөрчихөж…
-Юу? … юу гээд донгосоод байгаа юм бэ? Саяхан сонин дээр шүлэг нь гарсан байсан.
-Тиймээ, цахилгаан ирсэн. Бат-Өлзий намын хороонд мэдэгдэх гээд явсан. /талийгаач тэр үед аймгийн сонины нарийн бичгийн дарга байсан юм/
Би юу ч хэлсэнгүй утсаа тавьчихлаа. Гадаа гарч ирснээ ч мэдсэнгүй. Дотор харанхуйлна. Түүнийг нас барсан гэхэд санаанд нэг л багтахгүй байлаа. Эрүүл саруул, ажлаа хийж явсан гучин наймтай эр үхнэ гэж миний санаанд буухгүй байлаа. Зуны нар халуун шатаж, би эмнэлэгийн довжоон дээр зогсож байв. Би гэр уруу нь явахаар сувилагчаас чөлөө гуйсанд өгсөнгүй. Учраа хэлээд нэмэр болсонгүй. Би хашаа давав. Өмнөөс Магсаржав ирж явлаа. Би түүний баргар царайг хараад л ойлголоо.
-Нөгөө муу чинь өнгөрчихөж… чи дуулсан уу?
Би юм хэлсэнгүй!
Гэрт нь очиход олон хүн цугларсан байв. Ээжийнх нь бие муу, ухаан нь орж гарч байв. Бид хоёрыг хараад уйлав. Орой нь би буцаж ирээд сонин дээр гарсан шүлгүүдийг нь үзлээ.
“Хэрвээ хүмүүс цэцэгхэн гэвэл
Хээр талын хэнзхэн сарнай би
Арвин дэлхий шиг ачлалт ээж таны
Алганы толион дээр ургасан байж таарнаа”,,,
Юм бүхэн нарийн учиртай аж. Хамгийн сүүлчийн үгээ ээждээ, эх орондоо хэлэх ёстой байжээ. Найрагчийн зүрх ээ! гэж.
Буданцагийн улаан цэцэг
Ишнээсээ салах адил
Богд уулын модноос нэг нь унах адил
Өгдгөөн өгөөд, авлгаан аваад
Хүмүүс явж байна…
Үд дундын нар шиг илч гэрлээрээ ивээе
Зхэж болохгүй залуу нас минь, Эх орон таных шүү!
Ийнхүү үхэж болохгүй залуу нас шүлгүүдээ эх орондоо үлдээгээд яруу найрагч явчихжээ.
Түүний нас барсны дараа уйтгартай урт удаан намар үргэлжлэв. Өрөөндөө орж очиход цонхны цаадах улиас бүхэлдээ харагдана. Шагдарсүрэн амьд ахуйдаа тэр улиасыг халхлан сууж, хэсэгхэн нь харагддаг байж…
Одоо улиас бүхэлдээ харагдаж, Шагдарсүрэн алга! Анх удаа ойр дотно хүнээ алдсан минь тэр. Би эвлэрч чадахгүй байлаа. Заримдаа тэр ширээн дээрээ сууж байгаа юм шиг санагдана. Заримдаа хаалга нээгээд орж ирэх шиг, түргэн түргэн алхаад ширээн дээрээ очиж суух шиг санагдана. Заримдаа одоохон ороод ирэх юм шиг…
Түүнийг нас барсны дараа надад бүх юм уйтгартай, ажиллах сонирхолгүй болж, би дараа зун нь хотодорж ирсэн билээ.
О.Дашбалбар "Хүн Ертөнц" /Хэсэгсэн авав/
No comments:
Post a Comment