Sunday, February 9, 2014

Сайхан мэдээ

 О.Дашбалбарын "Шидэт ертөнц", "Гунигт ертөнц", "Хүн ертөнц", "Бурханы ертөнц", "Монгол ертөнц"" хэмээх Таван боть ном дахин хэвлэгдэх сураг дууллаа. 2003 онд Дашбалбар сангаас эрхлэн хэвлүүлсэн уг таван боть өдгөө ховор номын тоонд ороод байгаа билээ. Шинэ цагийн болоод өмнөх хэвлэлтийг олж авч чадаагүй олон уншигчдад том бэлэг болно гэдэгт итгэлтэй байна.

Өнөөдөр 2-р сарын 10 буюу Очирбатын ДАШБАЛБАРЫН төрсөн өдөр

Өнөөдөр 2-р сарын 10 буюу Очирбатын ДАШБАЛБАРЫН төрсөн өдөр.



***

Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй
Сайхан эх орон минь…
Сэтгэлээ ариусгаж, махан бодио өвс ногооны чинь ширхэг бүхэнд өгье!
Санаагаараа жаргаж, гол усны ариун тунгалагт уусъя!
Мөнх наст тэнгэр чинь намайг ширтэнэ, эх орон минь!
Цал буурал үүлсээр чинь би нулимсаа арчина.
Монгол нар алтлаг өнгөөр нүд гялбуулж
Миний Гангабаатар хүү шиг инээнэ.

Нар туссан шаргалхан уулсын чинь хормойд эрхэлье, эх орон минь
Нас буянаа хайрла, уулс минь…
Яруу эгшиг зүрхэнд шингээж үдшийн агаарт болжмор жиргэнэ.
Янжинлхамтай ханьсаж сэтгэлийн дотор алтан ятга эгшиглэнэ.

Хот айлын яндангаар суунаглах утаа
Холын уулсын бэлд цэнхэр хөшиг татаж,
Хонь ямаа майлалдан, үхэр мөөрөхөд тунгалаг агаар цалгина.
Үнэхээр сэргэлэн багачуудын цовоо дуун голын урсгалыг хөгжөөж
Үл мэдэгхэн сэвэлзэх сэвшээнд нарсны орой сортолзоно.
Өвс ногооны үнэртэй миний салхин сэтгэл
Үдшийн торгомсон агаарт ууснам … үлгэрийг би мэднэ!


Г.Мэнд-Ооёо, О.Дашбалбар /Наран сум, Наранбулаг/

Энэхүү шүлгийн тухай түүний уран бүтээлийн анд, яруу найрагч Г.Мэнд-Ооёо “...энэ шүлэг түүний бүхий л уран бүтээлийн оршил аялгуу болон эгшиглэсэн гэж би боддог. “Оддын эгшиглэнт аялгуу” нэртэй анхны номоо тэр энэ мөрөөр эхэлж, хожим арван боть номынхоо эхэнд энэ шүлгээ залсан юм...” хэмээн нэгэнтээ бичсэн байдаг. Мөн тэрээр саяхан эмхэтгэн гаргасан бүх цаг үеэс дээжилсэн “Гурван зуун шүлэгт” хэмээх номондоо О.Дашбалбарын дээрхи шүлэг болон “Өөдрөг аяс” хэмээх хоёр шүлгийг сонгон оруулжээ.


ӨӨДРӨГ АЯЗ

Яруу найрагч Б.Явуухулан, М.Цэдэндорж нарын гэгээн дурсгалд зориулмуу.


Нарт орчлонд хүн үхдэггүй юм
Намрын шувуу шиг буцаж ирэхээр нисдэг юм.
Униар татсан талын гүн рүү одож
Урин хаврын яргуй болж дэлгэрэхээр буцдаг юм.

Мөнх цэлийсэн тэнгэрийн цэнхэрлэгт нийлэн
Мөнхүү тэнгэр болж бидний дээрээс ширтдэг юм
Мөрөн голын хээ болж эцэс төгсгөлгүй мяралзан
Мөрөөдөлт орчлонгийн элгэнд намуухан урсдаг юм.

Газраар алхаж явсан мөрийг нь өөр хүн гишгэж
Гараараа илбэж үзсэн мөчрийг нь өөр хүн тордоно.
Гагцхүү эргэж ирэхээр явсан хүнийг харуулдан хүлээж
Газар дээрх одод шөнийн чимээгүйд сэрүүн хононо.

Үлгэр домог хэлэлцэн, гал тойрон суухдаа хүмүүс
Үнэнийг худлаас ялган, хуурын эгшгээр аялгуулж
Үүрд одсон хүмүүс өөрсдийнх нь сэтгэлд эргэн ирж
Үдшийн цаг дуунд амилан амьдарч байгааг мэдэрнэ.

Өдөр, шөнийн агсам цагаан морьдыг хөлөглөн
Өргөн орчлонд довтолгож яваа хүмүүсийг би үзнэм.
Өглөө эртийн нугад цэцэг түүж яваа охины
Өлмийд нь шүүдэр болж гялалзах мөрөөдлийг биширнэм.

Өөрийгөө шатааж, бусдыг гэрэлтүүлсээр дууссан
Өнө эртний Бруно бүрэнхийд хаалга нээн орж ирнэ.
Босгоны дэргэд чимээгүй зогсож, нөмрөг нь унжина
Бодлогширсон нүднээс нь хоёр од гялтганан унах шиг...

Мянга мянган жилийн цаанаас хүмүүс эргэн ирж
Мөнх номын хуудаснаас бидэнд үгээ шивнэж байна
Гар дээрх номоор амилан бодолд минь амьдрагч хүмүүсийн
Гайхамшигт туяа намайг дотроос минь гийгүүлнэм.

Алга болсон хүмүүсийн дурсгал-үргэлжлэл бид нар юм!
Амьд яваа цагтаа юутай ч зүйрлэшгүй хөшөө нь бид юм!
Гэрэлт орчлонгоос одогсод биднээр дамжин эргэнэ.

Гэгээн наран доор тэд урьдын адил амьдарна...