Wednesday, February 6, 2013

Элегия


Хайрт аав Ж. Очирбатын гэгээн дурсгалд зориулмуу
    1.
Хашаатын дэрс нь хаврын салхинд ганхана
Хажуугаар нь гарахдаа харвал, хайртай аав минь бодогдоно.
Дэлтэй хүрэн морио унаж ууландаа гараад харвал
Дэлхийд үгүй аав минь дэргэд юм шиг санагдана.

Улиасыг найгуулдаг хаврын хавсарган салхинд нь
Учирснаас хагацаадаг хорвоогийн хуурамчийг мэдлээ.
Манант хөндийн уулс минь намирч хөхрөөд л байна.
Мартахын аргагүй аав минь өглөө үдэшгүй бодогдоно.




Агь бууралхан талыг ажнайн сйанаар туулна даа
Арвууланг минь өсгөсөн аавыгаа санаад л байна даа
Эгэл түргэл насанд мөнх л юм шиг орчлон мину
Эргээд олдохгүй аавыг минь энгэртээ тосоод авлуу

 Огторгуйн хөх салхинаас хэнийхээ нөмөрт хоргодно л,
Оюун төгс аавыг минь орлох нь нэг ч үгүй л,
Алтан сайхан дэлхийгээ орхисон аав минь хөөрхий,
Амьтны жамыг дагаад үлдсэн үрс нь ч хөөрхий.

Аав минь эзгүй орчлонд амьдрал нэг л гунигтай
Арын хөндийн жавар сэрүүхэн гэдэг нь тоймгүй
Ширээ нууранд морио услаад л ирдэг аав минь
Шим ертөнцөөс хаашаа мордоод л явчихсан бол доо

    2.
Үдийн алтан нар хээр тал минь хөхөрнө.
Үзээд буцдаг хорвоод аав минь ирэхгүй
Харгуйн алтан тоос хажуу ууланд бужигнана
Хараад буцдаг хорвоод аав минь ирэхгүй

Үүлэн чөлөөний наран гялбалзан төгрөгтөнө
үлдээд буцдаг хорвоод аав минь ирэхгүй…
Унаа морьдын тоос улиасны мөчирт бууна
Уйлаад буцдаг хорвоод аав минь ирэхгүй…

Сав шим ертөнцөд аав ээжтэй явлаа
Сар Нар шиг хоёроосоо нэгий нь алдлаа
Үүрээн хоосон үлдээсэн бүргэд хаашаа одно
 Үрээн энд орхиод аав минь хаана явна?

Алтан аргамжаар тогтоовч, аваад явдаг хорвоо
Ардаг шаргаа унавч аавдаа очиж чадахгүй
Мөнгөн аргамжаар тогтоовч, мөнхөрч болохгүй хорвоо
Мөндөр шаргаа унавч аавдаа очиж чадахгүй

Уйлаад уйлаад гуйвч, буцааж өгөхгүй хорвоо
Унтаад унтаад сэрэвч, мартаж чадахгүй хороо
Зүүдэн буурал хорвоод эргээд аавтай болохгүй
Зүйлийн цэцгэн дунд л бөөн бөөн нулимстай…


3.
Намрын гурван сардаа аавдаа нэг л золгодог сон
Нарийн хяруу унасан талаа нэг л зорьдог сон
Хөхрөн харагдах уулс л хүйт даагаад  байна даа
Хөөрхий буурал аав минь энэ орчлонд алга даа

Зуун гурван уулс минь нулимсан дунд дайвалзаж
Зулай нимгэн ач нар нь өвөөгөө эрээд гүйлдэнэ.
Үүлэн шүүдэр гишгичин, өндөр хээр минь эргэцэж
Үүдэн хоймрын зайнаас ижлээ эрэн үүрсэнэ…

Уяаны буурал шонд дөрвөлжин загал минь алга
Ус нутгийнхаа зайд аавын минь бараа алга
Хүрэн дээлээ өмсөөд, саарал бүрхтэй угтдаг сан
Хүүгий нь тосож, одоо хэн ирэх билээ дээ?...

Өвлийн гурван сардаа аавдаа нэг л золгодог сон
Өмсгөл цасан бүрхсэн талаа нэг л зорьдог сон
Худэнт цагаан уулс л сэрүү татаад байна даа
Хүйтэн хацар бүлээцүүлж, одоо хэн үнсэх вэ?

Цас будруулан эргэцэж, өндөр хээр минь үүрсэнэ
Цай чанах газраас аав минь тосож ирдэгсэн…
Мөс шаргиулсан дэлтэй, дөрвөлжин загал минь алга
Мөнх уулсаа үлдээгээд аав минь эндээс явжээ.


4.
Хаврын гурван сардаа аавдаа нэг л золгодог сон
Харгуй замын тоосонд талаа нэг зорьдог сон
Хажуу булгийн зүгээс хавирга нэвт үлээв дээ
Хайлаасны салхи нь харилхаж намайг жиндээв дээ

Өндөр хээр минь дүүхэлзэж, өртөө газрыг барлаа
Өмнөх гүвээг даваад би аавыга үгүйлээд манарлаа
Дөрвөн нүдтэй халтар урдаас боргон айсуй
Дөрөөн дээрээс тосож, одоо хэн үнсэх билээ?


Явган зэрэглээ огтлон загалаа унаад ирдэг сэн
Яргуйт талынхаа үнэрийг сэнгэнүүлэн үнсдэг сэн
Савхин гутлаа өмсөж, ногоон цамцтай тосдог сон
Салхин талаас нөмөрлөж, дагуулж гэртээ ирдэг сэн

Зуны гурван сардаа аавдаа нэг л золгодог сон
Зуур хоногийн газраас бороо дагуулж очдог сон
Таанын цэцгэн дундуур загалаараа давхиж ирэхгүй,
Талын таван толгойд, зам тосож намайг угтахгүй

Уулс зам хэвээрээ атал, аав минь алга даа
Угтуулж үдүүлж дассан өндөр хээр эргэцнэ.
Гэнэт хангинатал үүрсэн, надаас хазаар булаав
Гэрийн зүгээс дүү минь загалтайгаа айсуй…


    5.
Асар их дэлхийдээ Алтан- Овоо минь дүнхийнэ
Арын хөндийн салхи бэлд нь хүрээд номхорно.
Улааныг үзээд урвалгүй, шарыг үзээд шарвалгүй
Угийн төрөлх зангаараа, уужим дэлхийдээ амьдарна.

Сэрүүн догшин салхи нь сэрвэн хаданд исгэрнэ
Сэнсэрч гэгэлзэх сэтгэл нь уулсаа үзээд номхорно
Элдвийг үзээд эргэлзэлгүй, эгэл олноосоо холдолгүй
Энгийн даруу зангаараа энэхэн дэлхийдээ амьдрахсан

Ачаатай олон тэмээ, авирч мацаж өгсөн үү?
Асга хады нь ажвал, тийм л сайхан сүрлэг…
Агт морьдоор товолзуулан, тэнгэр өөд мацна уу?
Алсаас харвал харгана бут нь тийм л гайхам…

Энэхэн уулын энгэрт ааваасаа салсан юмсан
Эргээд ирэхийн цагтаа эрээд эрээд олсонгүй
Эртний ерөөлөөр учирч эцэг хүү болсон юмсан
Энгэр бэлийн салхинаас асуугаад асуугаад нэмэргүй!

Эргээсээ өндөр ус үгүй, ээжээсээ илүү хүү үгүй,
Эмээлээсээ дээш морь үгүй, эцгээсээ ачтай үр үгүй,
Дэлхийн буурал салхинд дээлээ гандтал зогслоо
Дэргэдээс түшиж тогтоосон Алтан-Овоо уул минь!


    6.
Униар мананд Дарьганга минь урьхан хонгор салхитай
Урьхан хонгор салхинд нь уургын халиун сайварлана…
Уургын халиун сайварлан, уулын өвсийг сэрвэлзүүлнэ.
Уулын өвс сэрвэлзэн, уйлмаар гунигийг сэргээнэ…

Эцэг дээдсийн нутагтаа эргэн эргэн ирмээр
Эргэн эргэн ирээд, эрт урьдыг эргэцүүлмээр…
Эрт урьдыг эргэцүүлэн ээж, аавыгаа үгүйлмээр…
Ээж, аавыгаа үгүйлэн, элст манханд хоргодмоор!

Алтан- Овооны оройд цагаан үүл хурна.
Арслан цагаан үүлнээс аадрын ширүүн хур бууна
Аадрын ширүүн хураар ангасан газар сэргэнэ.
Ангасан газар сэргэж, алдхан бие минь уужирна.

Дөрөөн дээрээсээ буумгүй дөрвөн цагийн эргэлт ээ
Дөрвөн цагийн эргэлтэнд Дөмөнг дуулмаар нутаг аа!
Дөмөнг дуулмаар нутагтаа дөлгөөн намуун явна аа
Дөлгөөн намуун явахад дөчин жилдээ жаргалтай

Агь буурал Дарьганга минь, аав, ээжийн ерөөлтэй
Аав ээжийн ерөөл нь амьдын жаргалын заяатай…
Амьдын жаргалын заяандаа алдаж, эндэлгүй явахсан.
Алдаж эндэлгүй яваад, арван үедээ жаргах сан…

    7.
Алсаас өвгөн цагаан үүл алгуурхан ирж явна
Аав минь биш байгаа даа, хорвоод хүүгээ эргэнэ үү?
Алтан – Овооны дэргэдүүр хоргодон, хоргодон өнгөрөхдөө
Асгаруулан мэлмэрүүлэн яваагүй биз, аяа орчлон мину…

Уйтгарт намраар хээр талд нэг л хэцүү юмдаа
Униар манан дундаас аав минь хүрээд л ирэх шиг…
Улиасан шугуйн исгэрэлт сэтгэлд зэврүүн орой
Урдаас минь навчсаар уйлах шиг, аяа орчлон мину… 

Усан борооноор гэрээсээ гарах ямархан гунигтай вэ?
Урсах дуслуудаар л аав минь дэлхийгээ эргэнэ үү?
Улиасан шугуйн исгэрэлт сэтгэлд зэврүүн орой
Урдаас минь навчсаар уйлах шиг, аяа орчлон мину…

Усан борооноор гэрээсээ гарах ямархан гунигтай вэ?
Урсах дуслуудаар л аав минь дэлхийгээ эргэнэ үү?
Зогсоо зайгүй намрын бороонд норсон хүү нь
Зовлонг умартан бороо шаагихыг чагнана, аяа орчлон мину

Өглөө эрт ууланд гарвал, өөдөөс наран мандах нь
Өөрийн минь аав туяа татуулан, өмнөөс дөхнө үү?
Зүг зүгийн салхи аргадаж, аяархан нэг сэвэлзээд л
Зүрхэнд дотно аавын шивнээ шиг, аяа орчлон мину!


Уулс, тэнгэр, салхи, үүлс нар болсон аав минь ээ
Урьд өмнө зүүдэнд ирээд, унтах нойрноос сэрээв үү?
Дэлхий дүүрэн цэцэг ургаж ээ, аав минь биш байгаа даа?
Дээгүүр нь гишгэх газар олдохгүй нь, аяа орчлон мину!

8.
Дээлийг тань өмсөж, бүсийг тань чангахан ороож
Дэлхий дээр хүү нь алхаж л явна даа, аав минь…
Ардын дуу уянгалж, арван тавны сар мэлмэрнэ
Алга болсоныг тань нэг л үнэмшихгүй санагдана!

Тэнгэрийн доор хүү төрүүлсэн эцэг үхдэггүй юм уу?
Тэргэл сарыг би биш, та л ширтэж байх шиг
Аавыгаа би өөрийнхөө сэтгэл дотороос олох юм
Амин голд минь танаас нэг л юм үлдэж дээ…

Үрт хүн үхдэггүй, үе удамдаа уусдаг юм уу,
Үе үехэн би биш, аав минь инээж, дуулах шиг…
Хөлстэй цамцыг тань өмсөж, эцгийн биеийг орлон
Хөрст дэлхийд алхаж явна даа, хүү чинь!

Өргөн алаг дэлхий нь жамаа дагаад эргэнэ
Өмөг түшиг аавгүй орчлонг туулах болж дээ!
Нартын цэнхэр уулс нь байр байрандаа дүнхийнэ
Намайг төрүүлсэн аав минь хөх огторгуй болжээ!

Дээлийг тань өмсөж, бүсийг тань чангахан ороож
Дэлхий дээр хүү нь алхаж л явна даа, аав минь!
Ардын дуу уянгалж, арван тавны саран мэлмэрнэ
Алга болсныг тань нэг л үнэмшихгүй санагдана!

No comments: