***
Дурласан би,
ухаан алдатлаа бүр,
унаж үхтэлээ дурласан !
Хар багаасаа дурласан,
Хайрласан бүсгүйчүүд минь одноос олон !
Зөрж өнгөрсөн бүсгүй бүхнийг эргэж хардаг би
Зүрх минь минийх биш - Тэднийх!
Хаврын сарнай шиг ариухан охидод ч
Хал үзсэн ахимаг авгайд ч
Хамаг цогцсоороо дурлаж үзсэн,
Хаашдаа ч дурлах болно.
Орчлонгийн гоо хүүхнүүд,
Онгон зэрлэг цогцосууд
Ой мод шиг анхилуун, сарнай шиг булбарай
Тэнгис шиг шорвог, од шиг сүүмгэр,
Тэнгэр шүтээн шиг бардам, нарнаас халуун !
Эс бүхэнд чинь бид бүхэн цогцолж,
Энгүй тал, хот тосгонтойгоо багтаж,
Энэ хүүхнүүд буй биеэрээ нийслэл болж
Би тэнд хамгийн гэрэлтэй орон сууцанд амьдарч
Бас тэр бүсгүйчүүд “бурхныг ч” хөнөөх чадалтайг мэднэ.
Бугшсан “чөтгөртэй” нөхцдөгийг ч андахгүй.
Дурлалаасаа болж хамаг бие минь халуурч,
Дурлалдаа цөхрөөд хадан хясаан дээрээс үсэрсэн би ! харин дурлал намайг хөнөөгөөгүй !
Дурлалаасаа болж би буй биеэрээ мөс мэт хөлдөж, буруудахыг зөвдөхийн чинээ санаж явсан !
Охид дэндүү олон, од шиг олон !
Би даанч ганцхан, очих гэж мөн ч зүдэрнэм !
Он жилүүдтэй би дурлалын шуурганд тэмцэлдэж
Оноо алдаа минь дурлалаар хэмжигдэж,
Би,
Тэнгэр шиг уудам дурлахсан гэж
Тэнгис шиг гүн дурлахсан гэж
Тэнүүлч албин салхи шиг чөлөөтэй дурлахсан гэж
Тэгээд бас он жилүүд шиг мөнх дурлахсан гэж
Эгэл биеэ элээж ч үзлээ, бүрэлдүүлж ч явлаа.
Энэхүү орчлон миний хувьд дурлалаас бүтэж, дурлалаас эхэлсэн.
Эцсийн мөчдөө ч би дурлалтайгаа одно!
Харин одоо хэлэхэд:
Хаа эртний үлгэр домгийн шивнээ шиг
Дурлал гэж юу юм бэ?
Би мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй !
Улаанбаатар хот. 1978.12.26
No comments:
Post a Comment