Wednesday, February 18, 2009

ШАНЗНЫ ЭГШИГ

О.Дашбалбар

ШАНЗНЫ ЭГШИГ

I

Бөн бөн аястай намрын хонгор салхинд
Бөөн бөөн нулимстай ботго минь тэшүүлнэ
Буурал талын дээгүүр саарал униар татаад
Будан хүдэн сэмэртэл ингэн тэмээ буйлна.

Дон дон хөглөгдөх шанзны аясаар уйлаад
Догон дэгэн аястай сэтгэл баахан гэгэлзэнэ
Гангар гунгар дуугаран галуу шувууд зэллээд
Газар холын хүний үр надад хааяа санагдана.

Самар ургадаггүй модонд шувууд яагаад хоргодно вэ?
Салаад суухгүй чамдаа сэтгэл юундаа дасна вэ?
Алим ургадаггүй модонд шувууд яагаад хоргодно вэ?
Амьдарч суухгүй чамдаа сэтгэл юундаа дасна вэ?

Хүрэн торгон дээл нь намрын салхинд сэмрээд
Хүрээд ирэхий нь мэдсэн ч миний сэтгэл сэнсэрнэ.
Манарч харагдах ууландаа эргэн хурган хорогдоод
Магадын амраг хүүгээн мартаж чадахгүй л явна…

Саран цартай шанзнаас нь салхи гарахыг үзээд
Сайн хүний үрийг санаж явах болсон юм…
Дугуй цартай шанзнаас нь дуу гарахыг үзээд
Дурлам хөөрхөн түүнийг дурсаж суудаг болсон юм.

II

Дөмөн дөмөн гишгэдэлтэй дөрвөлжин загал морь,
Дөрөө харшуулж яваад орчлонг туулах юмсан.
Аяар аяархан алхаатай алтан шаргал морь,
Амгай зуузай зэрэгцүүлэн орчлонг гэтлэх юмсан.

Мөнх бусын хорвоод бие биеэ олсон юм
Мөр рүүгээ буусан үсэнд нь мөнгөн саран долгилно.
Алаг эрээн хорвоод хэн хэнээ олсон юм.
Ар руугаа буусан үсэнд нь алтан наран хөлбөрнө.

Эрдүү дуутай шанз нь эр биеийг сульдаана.
Энэ хорвоод төрсөн юм, эгшиг дуугий нь сонсууштай.
Аргил дуутай шанз нь алд биеийг амраана.
Ашдын заяатай төрсөн юм, ая хөгий нь мэдүүштэй…

Доргиотойхон тоглохоор нь долоон эгшиг үүснэ дээ
Догдолж суугаад сонсохоор доголон нулимс унана даа.
Цуурайтайхан тоглохоор нь цувраа эгшиг үүснэ дээ.
Цугаараа суугаад сонсохоор цурамхийлгүй хононо доо.

Ая эгшгийн орчлонд нь амьдарч байгаад буцна даа
Ариун санаатай чамайгаа хайрлаж яваад дуусна даа.
Үр жимстэй хорвоод нь үерхэж яваад буцна даа
Үнэн сэтгэлтэй чамайгаа хайрлаж яваад дуусна даа.

III

Унаган жороо морь нь уул дававч цуцахгүй
Ухаантай төрсөн Анимаа зовлон үзэвч буцахгүй
Дааган жороо морь нь даваа гэтлэвч цуцахгүй
Даруулгатай өссөн Анимаа зовлон үзэвч буцахгүй.

Хайгаад, хайгаад явавч хаанаас ч олдохгүй Анимаа
Хан ертөнцийн сарыг хамт дуулсан Анимаа
Эрээд, эрээд явавч, эргээд олдохгүй Анимаа
Энэ ертөнцийн нарыг хамт дуулсан Анимаа

Цаглашгүй гэрэлт наранд цайгаа өргөж явъя даа
Цаанаа ханьтай чамайгаа цагдаж зовоогоод яахав дээ.
Эгнэшгүй гэрэлт наранд идээгээ өргөж явъя даа
Эхнэр нэртэй чамайгаа энхрийлж зовоогоод яахав дээ

Оломгүй далайн усыг мориор туулж баршгүй нь,
Оюунт хүний үрийг үгээр хуурч чадашгүй нь,
Захгүй далайн усыг завиар туулж баршгүй нь
Залуу багахан чамайгаа үгээр хуурч чадашгүй нь…

Энгэрийн минь товчийг торгохдоо ээжээсээ нууж уйлаарай
Энгийн хүн шиг явъя гэвч, энэхэн сэтгэл чадахгүй нь…
Дээлийн минь товчийг торгохдоо дэргэдэхээсээ нууж уйлаарай
Дээгүүр хараад өнгөрье гэвч дэндүү сэтгэл чадахгүй нь…

IV

Жил жилийн намар л жигүүртэн шувууд буцна
Жиргэн наадах болжмор л нутагтаа ганцаар үлдэнэ.
Идэр залуу насанд минь хэн хүнгүй хайрлана
Ирэх цагийн аясаар чи минь ганцаар үлдэнэ

Он оны намар л навчис хийсэн унана
Орь ганц мод нь л мөчрөө сэрийлгэн үлдэнэ
Одтой залуу насанд минь хэн хүнгүй л ирцгээнэ
Орчих цагийн эрхээр чи минь ганцаар үлдэнэ.

Жаргал, зовлонгийн алинд ч жаахан чамайгаа түшнэ.
Жавартай өвөл ирлээ ч, сэтгэлийн одод ногоорно.
Баяр гунигийн алинд ч багахан чамайгаа түшнэ.
Бараан өдрүүд ирлээ ч, сэтгэлийн хүчээр туулна.

Ах олон гэвч, аавд минь яаж хүрэх вэ!
Анд олон гэвч, ахад минь яаж хүрэх вэ!
Эгч олон гэвч, ээжид минь яаж хүрэх вэ!
Энгийн олон гэвч, эгчид минь яаж хүрэх вэ!

Хүлэг морин олон чиг, загалд минь яаж хүрэх вэ!
Хүний сайн олон чиг, чамд минь яаж хүрэх вэ!
Өндөр уул нь олон чиг, Алтайд минь яаж хүрэх вэ!
Өөрийн гэсэн нь олон чиг, Анимаад минь яаж хүрэх вэ!

V

Тунамал улаан наран өдөртөө нэг мандана
Тунгалаг цагаан саран шөнөдөө нэг ургана
Энэхэн буурал дэлхий нь нараа тойрон эргэнэ
Эртний ерөөл тавилан Анимаагаа даган жаргана.

Зэгст нуурын хөвөөнд зэрэгцэж суугаад хүүрнэлээ
Зэргийн олон багачуудаас Анимаагаа л гэнэм.
Хулст нуурын хөвөөнд хуучилж суугаад даслаа
Хошууны олон охидоос Анимаагаа л гэнэм.

Тогоруун цуваа зэллэсээр тойрмын дээгүүр эргэлдэнэ
Томоогүй олон багачуудаас Анимаагаа л гэнэм
Шаргал талын цэцэгс нь бие биедээ эрхэлнэ.
Шанзны бүлээн аялгуу нь нэг нэгэндээ уусна.

Будар будар салхинд нь бутны туулай даарна
Бууж явдаг хорвоод буурал ааваа л үгүйлнэ.
Садар садар салхинд саарал туулай даарна
Салаад явдаг хорвоод сайхан ааваа л үгүйлнэ.

Наргил шаргал модонд хөхөөн дуу тасарлаа
Намар оройн сэрүүнд чинийхээ нөмөрт хоргодъё!
Начин шонхор шувуу нь тэртээ ууланд нислээ
Насны энэхэн үедээ чинийхээ үгийг сонсъё!

VI

Бүрэлзэн баралзан харагдах нь бүүр багын минь нутаг аа!
Бүдэг бадагхан сонстох нь шанзны чинь эгшиг ээ.
Торолзон торолзон айсуй нь загалын минь бараа…
Тоосны үзүүрээс сугарах нь шанзны чинь эгшиг ээ!

Алтан мөнгөн одод үүдэн дээр чинь гэрэлтэнэ
Аялгуут шанзны эгшгээр үүр цайтал учирлана.
Арван тавны саран тоонон дээр чинь мэлтийнэ.
Ардын дуугаа сонсохоор дотор жаахан уужирна.

Хаднаас ургасан хайлаас нь үүрийн жаварт жиндэнэ.
Хадмаас дайжсан тэр минь үйлийнхээ үрийг дагана.
Уулнаас ургасан улиас нь улирах намраар гундана.
Учирснаас салсан тэр минь үйлийнхээ үрийг дагана.

Хонхон дуутай навчис нь хоёр нэгээрээ унана.
Ховорхон төрсөн тэр минь өглөө үдэшгүй сэрвэлзэнэ.
Мөнгөн дуутай навчис нь өөдөө уруугаа нисэлдэнэ.
Мөнх бусын хорвоод мөр мөрөө түшилцнэм…

Хайрлан хайрлан явсан ч ханилж чадахгүй хорвоо
Хар элгийн хүмүүс, хайхарч ойлгохгүй нь хэцүү
Үерхэн үерхэн дассан ч, үүрд амьдрахгүй хорвоо,
Үүр тусдаан хүмүүс, үнэлж ойлгохгүй нь хэцүү.

VII

Дотнохон чинийхээ царайг ойрдоон би харсангүй
Долоон бурхан оддыг хавьдаан би үзсэнгүй…
Намрын саран туссан тогтуун нуурын эргээр
Намуун тайван шугуйд ганцаар зугаалж явнам…

Янаг минь явсан хойно, одод надаас зугтаж
Ялдам цэцэгс гуниглан, газар дэрлэн унажээ.
Эвхрэн мяралзах долгис бяцхан өлмийг үгүйлж
Этгээд холын салхи түүнийг асуун гасална.

Санаа алдсан найрагч улиасан шугуйд тэнэж
Саруул намрын шөнө, голын урсгал харгиатна.
Ижлээ үгүйлсэн буг, навчис тасартал урамдаж
Ихээ холын уул руу өгсөж явах нь мэдэгдэнэ.

Найман сарын шөнө нойр хүрэхгүй ганцаардаж
Намуухан дуутай Анимаа, долоон бурханыг үгүйлнэм.
Навчсын сиймхийгээр гөлрөн, өвдгөө дэрлэн хэвтэхэд
Намрын шөнийн саран өтгөн өвсөнд унтана…

Уулсын дээгүүр нүүсэн үүлсийн цуваа сарниж
Урсгалд бөхийн үнсүүлсэн, улиас модод сульджээ.
Өндөр ургасан өвсөнд гөрөөс чимээ чагнаж
Өмнөд айлуудын зүгээс нохой хуцах сонстоно.




VIII

Эцсийн навчис тасран, эцгийн гэр минь хүйтэрлээ
Эрвээхэй үзэгдэхээ болиод, нүцгэн мөчрүүд сэрийнэ.
Цантсан өвсний толгойд цагийн урсгал саатаж.
Цардсан таваг шиг сар, үдэш оройхон гарлаа…

Өдөр бүхэн сэрүүн, үүлс нэвсийн газардана
Өдөт сум шиг хоногууд ар араасаа цуварна.
Сагсгар хэрэм үзэгдэж, самар цөмөх нь хөөрхий.
Сарны дараа эднийг хэн л өрөвдөж суух бол?

Үүлсийг цоолсон нарс салхинд үл мэдэг ганхана
Үлгэр домогт л ингэж модод, тэнгэртэй хүүрнэнэ.
Санчиганд буусан хяруу, сарны гэрэлд цайраад
Саруул намрын шөнө, цаст оргилууд үзэгдэнэ…

Алтан хундаганы ёроолд амтат дарс үзэгдсэнгүй.
Аялгуут шанзны эгшиг шөнөжин намайг зовооно…
Морин хундаганы ёроолд молор дарс үзэгдсэнгүй.
Монгол шанзны эгшиг шөнөжин намайг зовооно…

Хавцал хадны ёроолоос хүйтэн булаг оргилно
Хатуу ширүүнийг туулаад хүүтэйгээ хоёулаа жаргана
Аргилхан шанзны эгшиг өөр өөр л байдаг ч
Анимаагаа гэсэн хайр гав ганц л билээ…

1988-10-10

No comments: