Friday, January 9, 2009

ААВЫН МИНЬ ХАЙРЛАСАН ЭНХРИЙ ЯЛДАМ БҮСГҮЙЧҮҮД

Friday, December 05


Үнэнийг хэлэх цаг нэгэнт болжээ. Аавын минь хайр¬ласан бүсгүйчүүдийн талаар дам яриа, хов жив олонтаа яригдаж, бичигдэж байлаа. Тэглээ гээд аавдаа "аав" гэж дуудуулах эрх олгосон том охин миний хувьд үнэнийг өгүүлэх нь үүрэг гэж бодлоо.
Аавыгаа бүсгүй хүнийг тийм гэгээн сайхнаар хайр¬лаж байсныг бодохоор бахар¬хах, хайрлах, уучлах сэтгэл бий болжээ.
Омар Хайямын нэг шүл¬гэнд аав минь хачин их дуртай байж билээ. "Дуулим энэ хорвоод цөмөөрөө бид орш¬догоос хойш дурлал, дарс хоёргүй насыг элээвэл нүгэл¬тэй. Мөнгөн сартай орчлонд цөмөөрөө бид оршдогоос хойш мөнхрөх эсэхтээ эргэл¬зэх нь илүү ажил гэлтэй" гэсэн мөрүүдийг байн байн уншдаг сан. Хорвоод хүн болж ирчихээд дурлаж, хайр¬лахгүй насыг элээвэл хич¬нээн гуниг¬тай. Үнэндээ аав хэдэн бүс¬гүйд дурлаж хич¬нээн бүсгүй¬тэй учирч явсныг тэр бүр би мэдэхгүй ээ.
На¬сан туршдаа ээжээс минь гадна хоёр бүс¬гүйг эр нөхөр шиг нь хайрлаж байсныг бол мэддэг юм. Ха¬чирхалтай нь үүнийгээ аав огт нуудаггүй байсан бөгөөд бидэнтэй ч хайр дурлалын талаар илэн далангүй ярьдаг байсан. Хэн нэгнийг зүрх сэтгэлээсээ хайрлах хичнээн сайхан зүйл болохыг хэн хүнгүй мэднэ. Ямар ч байсан аав минь адгуусан тачаалаар бүсгүй¬чүү¬дийг эргүүлж, элдэв уран үгээр урхиддаггүй бай¬сан гэдгийг хэлж чадна. Цэ¬цэг болгоны тоосыг хүртэх гэдэг зөгий байх албагүй шүү дээ, эрчүүд. Харин зөгий нисч хүрэхээргүй ургасан цэцгийг олж хайрлаад тасдаж хаядаг¬гүй бүргэд байх бас өөр. Би аавыгаа тийм л эр хүн гэж боддог. Тийм л өндөрт урга¬сан цэцгийг хайрлах гэж төр¬сөн эр хүн. Тийм ч учраас ааваар минь хайрлуулж бай¬сан бүсгүй болгонд баяр хүргэх гэсэн юм.
Миний ээж
Ангийнхаа охидод захиа илгээн дэггүйтэж явсан жаал¬хүү Омскт тракторын ТМС төгсч ирээд Баруун-Уртад оройгоор аравдугаар анги төгссөн юм. Тэр үедээ нимгэн цагаан царайтай, их л даруу¬хан, бас дэндүү ялдам төрх¬тэй, бага зэрэг долгиотсон урт хар үстэй, тунгалаг нүдтэй нэгэн бүсгүйтэй танилцсан нь миний ээж Н.Борхүүхэн бай¬сан юм. Хожмоо нь насан тур¬шийнх нь хань болж өөрийнх нь үргэлжлэл болох гурван хүүхдийнх нь ээж болсон билээ. Хоёр дүү, бид гурвын хувьд ээж минь нарт хор¬воогийн хамгийн сайхан эмэг¬тэй. Хамгийн ухаантай нь, хамгийн үнэнч нь. Ээжид зориулж "Хаврын ногоон дээр чи минь охин насаа үдсэн, Халуун нулимсан дунд чинь би эр хүн болсон" хэмээх гэрэлт мөрүүдээ бичиж бай¬сан билээ. Харин ээжид зо¬риулсан уран зохиолын нэр нь Амура. Хайр дурлалын охин тэнгэрийн нэрийг гэр¬гийдээ хайрласан нь энэ. Ээж минь хэтэрхий тайван дөл¬гөөн хүн учраас хэр бараг¬тайд уурлаж уцаарлана гэж үгүй. Тиймээс ч аавыг өөрөөс нь өөр бүсгүй хайрлахыг хүлээн зөвшөөрөх сэтгэлийн хаттай байсан биз. Бас энэ нь ээжийн минь их ухааныг харуулдаг юм. Олон зүйлийг тэвчиж, өөрөөс нь өөр бүсгүйг хайр¬лахыг ойлгодог байсан нь най¬рагчийн гэргий болж, О.Даш¬балбарын эхнэр бол¬сон тэр хувь заяагаа хүлээн зөвшөөрсөнтэй нь холбоотой биз.
Аавын хайрласан бүсгүй¬чүүд дандаа дарьганга бүс¬гүйчүүд байсан. Дарьганга бүсгүйчүүд маш халамжтай, бас эр хүнийг хүндэлж биш¬рэх агуу ухаантай байдаг. Тиймдээ ч яруу найрагчийн зүрх сэтгэлийг тийнхүү эзэм¬дэж чадсан биз ээ. Аав минь 42-хон насандаа тэнгэрт таа¬шаагдаад явсан болохоор ээжийгээ өрөвдөн дүү, бид хоёр нэг удаа "Ээж минь сайн хүн таарвал амьдарч суухыг бид нар зөвшөөрнө шүү" хэ¬мээн нэлээд халган байж хэлсэн юм даг. Ээж тэгэхэд өөрийн эрхгүй уйлж том нү¬дээсээ нулимс асгаруулан "Миний амьдралд ааваас чинь өөр эр хүн хэзээ ч бай¬гаагүй. Цаашид ч байхгүй. Дахиж ийм зүйл надад битгий хэлээрэй " гэж билээ. Дүү бид хоёр буруу үг хэлснээ тэр даруйдаа ойлгож гэмшив. Тэр үед ээжийгээ хачин их өрөв¬дөж хайрлан бас ийм үнэнч байс¬ных нь төлөө, бид гурвыг төрүүлж өгснийх нь төлөө аав минь агуу их хайраа зориулж бас насан туршдаа эхнэртэй¬гээ амьдарсан биз гэж бод¬догдсон. Аавын минь аав, ээжид жигтэйхэн их хайртай байсан бөгөөд бэрээ өмөөрч хүүдээ "Хэзээ ч энэ бүсгүй¬гээс салж болохгүй" хэмээн захисан байдаг юм. Тэр үед хамт хойно сурахаар явсан үе тэнгийнхний ихэнх нь гэргийгээсээ салж өөр амьд¬рал зохиосон ч аав минь ээжээс салаагүй ээ. Тиймээс Орост Горькийн сургуульд сурч байхдаа өвөөд бичсэн захидалдаа ээжийг минь жиг¬тэйхэн их магтаж са¬нан дурс¬сан байдаг юм. Ээж минь аавыг эмнэлгийн орон дээр үхлүүт байхад нь өдөр шөнө¬гүй хамт байж, сахин эцсийн замд үдсэн бөгөөд одоо ч яруу найрагчийн гэргий хэвээрээ байгаа билээ. Бур¬хан түүнийг яруу найрагчийн гэргий болго¬хоор, гэрийнх нь галыг ма¬нуу¬лахаар л илгээ¬сэн гэдэгт би итгэдэг.

Халтар буюу Анимаа
Бүсгүй хүнийг ялдамхан, бас тэгээд үнэнч байхыг аав минь эрхэмлэдэг байв. Би арван настай байлаа. Тэр нэгэн өдөр аав минь надтай ихэд дотночлон ярилцаж өөрий¬гөө жаахан охиндоо ойлгуулах гэж тайлбарлаж байсныг санаж байна. "Миний охин бас нэг дүүтэй боллоо" гэж хэлж байсан үг одоо ч тодоос тод. Бяцхан охиндоо гэм хийсэн мэт санаашран байж хэлсэн тэр үг магадгүй аавыгаа ойлгох ухааныг на¬дад өгсөн байж болох юм. Ямар ч байсан тэр үед аав минь Төмөр замд байх нэг айл руу миний ухаан санаанд минь төсөөлөөгүй байсан нялх охинтой уулзуулах гэж авч явсныг санадаг. Тэр бол Анимаагаас төрсөн аавын охин бөгөөд бидний дүү бай¬сан юм. Тэр айлын хаалгыг тогштол нэг их тунгалаг, гоё нүдтэй эгч угтаж авлаа. Тэр эгчийг Халтар гэдэг байсан. Аавын минь уран бүтээлд Анимаа нэрээрээ үлдсэн билээ. Тэрээр дайлах, цайлах эр¬дэм¬тэй бүсгүй шиг санагд¬даг юм. Нас бага ч гэсэн юмны учир ойлгохтойгоо бай¬сан үе болохоор ээжээс минь өөр эгчээс аавын хүү¬хэд гарсныг ойлгосон. Надаас хүмүүс "Аль эхнэрийнх нь хүүхэд билээ" гэж асуудаг. Эхэндээ энэ үг хичнээн дур¬гүйг минь хүргэдэг байсан гээч. Яг л доромжлол мэт. Үнэндээ миний аавд ээжээс минь өөр эхнэр байгаагүй. Харин ээжээс минь гадна хайрлаж байсан хоёр бүсгүй байсныг бол нуух¬¬гүй ээ. Цаг хугацаа өнгө¬рөх тусам олон юм өөрч¬лөгдөж, хүүхэд ахуй¬даа гом¬дож тунирхаж бас ч үгүй дургүйцэн хүлээж авдаг бай¬сан зүйлийнхээ талаар арай өөрөөр ойлгодог болчих¬жээ. Хайрласан бүсгүйчүүд нь насан туршдаа ааваас өөр эр хүнийг хүлээн зөвшөөрөх¬гүйгээр тийм их хайрладаг байсны нууц нь аав минь жинхэнэ эр хүн, жинхэнэ хүн, жинхэнэ яруу найрагч бай¬сантай л холбоотой биз.
Миний мэдэх олон яруу найрагч бүсгүйчүүдэд ухаан алдан дурлаж, гоо сай¬хан, яруу тансагийнх нь та¬лаар шүүрс алдан бичиж байсныг санаж байна. Аав минь дур¬лал, хайр хоёр ялгаа¬тай гэж бидэнд ойлгуулдаг байлаа.
Аав тэнгэрт халихаасаа өмнө надад "Та гурваас гадна нэг охин байгаа. Уран бү¬тээлч юм уу нэртэй, төртэй байсан хүмүүсийг үгүй болс¬ноос нь хойш элдэв хүүхдүүд гарч ирдэг гэсэн. Надад та дөрвөөс өөр хүүхэд байхгүй шүү" гэж хэлж билээ. Хожим яригдаж болох худал үгсээс урьдчилан сэргийлж хэлсэн болов уу. Анимаатай би олон¬таа уулзаж эмэгтэй хүний ярьж болох түмэн зүйлийн талаар ярилцаж үзсэн. Хэ¬тэрхий гэмээр ухаантай тэр эмэгтэй хүү, охин хоёртой байсан бөгөөд аавтай танилц¬санаас хойш нөхрөөсөө са¬лан том охиноо өөр дээрээ авч, хүүгээ нөхөртэй өгсөн юм билээ.
Их ухаалаг бас ч үгүй найрагчийн сэтгэлийг эзэм¬дэх чадалтай бүсгүй гэдгийг нь бол мэднэ. Нэлээдгүй зальтай болов уу гэж санагд¬даг ч тэр нь түүний ухаанаас үүдэлтэй биз ээ. Шанзын эгшиг, Лимбийн эгшиг гээд олон сайхан бүтээлийнх нь баатар болсон тэр бүсгүй ааваас хэд эгч байсан юм. Сүүлд тэдний гэр орноор найз нөхөд, уран бүтээлийн анд нартайгаа очиж гэгээн сайхан үдшүүдийг өнгөрөөдөг байс¬ныг нуух юун.

Оюунханд буюу Хонгорзул
Уран бүтээлд нь Хон¬гор¬зул хэмээн нэрлэгддэг бай¬сан энэ бүсгүй Монгол хэл уран зохиолын багш эмэгтэй. Уран зохиолын ертөнц тэд¬нийг ойлголцоход дөхөм бай¬сан биз. Аав түүнтэй Анимаагаас өмнө танилцсан байдаг юм. Хоёр охинтой нө¬хөртэй байсан тэрээр аавын минь хүүхдийг гаргаагүй. Тухайн үеийн сэхээтэн эр¬чүү¬дийн анхаарлыг татдаг аятайхан бүсгүй байсан та¬лаар нь зарим нэг уран бү¬тээл¬чийн амнаас сонсч бай¬лаа. Энэ бүсгүй аавын минь уран бүтээлийн баатар, амьд¬ралынхаа туршид хайрлаж байсан бас нэг бүсгүй. Сүх¬баатар аймагт танилцаж нө¬хөрлөсөн түүнийг хожмоо нь аав хотод шилжүүлж авчир¬сан юм. Аавын бие муу эмнэ¬лэгт ээж минь сахиж байхад өрөөнд нь ороод гарч байхад нь нэг харж билээ. Надтай олон удаа таарсан гэдэг ч би таньдаггүй байсан болохоор хамгийн сүүлд харсан дүр нь л одоо сэтгэлд байна. Бүр бага байхдаа бас нэг удаа харснаа санаж байна. Баруун-Уртын наадам болдог стадионы зүүн урд өнцөгт аав, ээж хоёртой минь уулзаж байсан тэр хүн Оюунханд байсан. Хожмоо нь аавыг өөд болсны дараа "Гэ¬рэлт хайрын дурсамж" номоо хэвлэж гаргасан байна лээ. Харамсалтай нь, зарим үнэ¬нийг жаахан хэтийдүүлсэн байсанд нь сэтгэл жаахан гонсгор үлдсэн юм. Гэвч сайхан хайрынхаа түүхийг ном болгож гаргасан түүнд бас баярласан гэдгээ хэлмээр байна.
Аав нас барахынхаа өмнө тэр эмэгтэйд жигтэйхэн их гомдсон нэгэн шүлгийг орны¬хоо хажуугийн ширээн дээ¬рээ бичээд тавьчихсан байс¬ныг эмнэлэгт эргэж очихдоо би олж харсан юм. Харин дараа нь тэр шүлэг хаашаа ч юм алга болчихсон байсан. Хэн нэгэн авчихсан болов уу гэж санадаг. Магадгүй тэдний хооронд гомдох туних шалт¬гаан байсан биз ээ.
Ийнхүү аавынхаа хайрын түүхээс сөхөх болсон нь үнэ¬нийг нэмэр хачиргүй олонд хүргэх үүргийг хүлээснийхээ хувьд, аав минь надад дур¬сам¬жаа бичих эрх олгосных нь төлөө юм шүү. Түүнээс биш хэн нэгнийг эхнэрээсээ өөр бүсгүйг хайрлаарай гэсэнгүй. Гэвч бүсгүй хүнийг түүн шиг л хайрлах ёстой гэж хэлмээр байна. Аав минь "Эмэгтэй хүн энхрий ялдам байх ёстой" гэж хэлдэг байсан. Бас ааваар минь хайрлуулах хувь заяатай байсан тэр энхрий ялдам бүсгүйчүүдийг хайрлах ёс¬тойгоо ч мэдэж байна.
Илүү дэлгэрэнгүйг аавын¬хаа тухай дурсамжийн номонд оруулж байгаа тул энэ удаа үүгээр өндөрлөе.


Д.Мөнгөндалай