Sunday, March 25, 2007

Оюун санааны яруу найраг

Ном бүтсэн түүх


Миний аав баян хүн байсан. Аавыг тэнгэрт одсон тэр нэгэн өдөр дэрэн доороос нь цоож цуурагтай нэг гоёмсог хайрцаг олсон юм. Дотор нь юу байгааг мэдэхгүй ч маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг гадарлаж түлхүүрийг нь эрж хайсаар олж хайрцгийг онгойлгож үзлээ. Дотроос нь үнэт эрднийн чулуу, алт, мөнгө, сая доллар гарсангүй харин гайхалтай чамин хийц бүхий тэмдэглэлийн дэвтэр гарсан нь “Оюун санааны яруу найраг” хэмээх энэхүү яруу найргийн номын эх бичмэл байлаа.
Аав минь үхэхийн цагт аваад үл одох алт эрдэнэсээр биеэ, эд хогшилоор гэрээ чимж амьдралаа үрсэнгүй. Эрдмээр сэтгэлээ гэгээрүүлж, номоор гэрээ чимж амьдарсаар эрдэнэт хүмүүний биеийг олж төрсний хэргийг гаргаж өөрөө аз жаргалтай, өрөөлд халамж энэрэлтэй амьдарч чадсанд нь би хамгаас бахархаж явдаг юм.
Яруу найраг, шүлэг хэрхэн үүссэн, хэнд юуны учир зориулсан тухай болон шүлгийн агуулгыг тайлбарласан тайлбар бүхий шинэлэг шүлгийн ном бичнэ гэж яръж байхыг нь сонсож байсан ч энэ ном хэдийнээ бэлэн болсон байсныг ийнхүү сүүлд олж мэдсэн билээ. Шүлэг хэрхэн бүтсэн түүхийг ихэнх тохиолдолд яруу найрагчаас өөр мэдэх хүн байдаггүй тул тайлагдашгүй оньсого хэвээр зохиогчийн хамт мөнхөрдөг. Шүлэг бүтсэн түүх, зорилго, зориулалт, агуулгыг тайлбарласанаараа энэ бүтээл анхдагч бөгөөд яруу найргийн нэгэн шинэ урсгалыг нээж байна.
Энэ бүтээл зөвхөн үр хүүхдэдээ үлдээсэн захиас ч биш монголын ард түмэн, хүн төрөлхтөний мэдлэгийн сан, утга зохиол, яруу найрагт оруулсан түүний өвийн нэгээхэн хэсэг юм. Ийм учраас аавынхаа тавин насны ойг тохиолдуулан энэ гайхамшигт бүтээлийг “Дашбалбар” сангаас эрхлэн уншигч таны гар дээр хүргэж байна.
“Оюун санааны яруу найраг” номыг олны хүртээл болгоход гүн туслалцаа үзүүлсэн бүх хүмүүст “Дашбалбар” сан, найрагчийн гэр бүлийнхний өмнөөс талархал илэрхийлье. Ялангуяа, номыг ивээн тэтгэж хэвлүүлсэн УИХ-ын гишүүн Р.Буд, түүний гэр бүлийнхэн, мөн аавын минь өвийг мөнхжүүлэхэд их хувь нэмэр оруулсан Дэлхийн утга зохиолын Академийн доктор, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, миний номын багш хууль зүйн ухааны доктор, профессор, Академич С.Нарангэрэл нартаа гүн талархал илэрхийлье.





Улаан сахиусны овгийн Дашбалбарын Гангабаатар
2007 оны 3 дугаар сарын 6

1 comment:

Unknown said...

Mongoliin erdemleg, gegeen humuusiin neg bidniig ert halin odson ni olon humuusiin setgeld odgoog hurtel haramsal, gunigaar duuren baidag. Harin hairt aav, hundet andiinhaa uilsiig enehuu nomoor urgeljluulen unshigch olnoo bayarluulj bui ta buhnii tsaashdiin ajil uils, amidrald amjilt buteeliig erooe.