Wednesday, February 10, 2010

ДӨЧИН ХОЁР НАС

Өнөөдөр би дөчин хоёр нас хүрлээ, өнгөт орчлонгийн нас дөчин хоёр хүрлээ
Өвлийн тэнгэр, өндрийн одод дөчин хоёр нас хүрлээ
Холхи алсын уулс, хонгор талын толгод дөчин хоёр нас хүрлээ
Хорвоо дээр надтай цуг уулс, хонгор талын толгод дөчин хоёр нас хүрлээ
Аугаа тэнгэр мөнхийн настай, үхэлгүйн шидтэй ч
Аяа, миний л хувьд өнөөдөр дөчин хоёр настай
Асралт наран тэрбум, тэрбум жилийг элээсэн ч аяа миний л хувьд дөчин хоёр настай...

Өдгөөгөөс 11 жилийн өмнө 1999 оны 02-р сарын 10-ны энэ өдөр буюу төрсөн өдрөөрөө бичсэн шүлэг нь ингэж эхэлдэг... Яагаад тэр өдөр ДӨЧИН ХОЁР НАС гэдэг шүлэг бичсэн юм бол? Яагаад ч юм бэ, Би түүнийг үнэхээр ЗӨНЧ найрагч байсан гэдэгт би бүр багаасаа итгэсэн юм.

Tuesday, February 9, 2010

Дурласан би,

***

Дурласан би,
ухаан алдатлаа бүр,
унаж үхтэлээ дурласан !
Хар багаасаа дурласан,
Хайрласан бүсгүйчүүд минь одноос олон !
Зөрж өнгөрсөн бүсгүй бүхнийг эргэж хардаг би
Зүрх минь минийх биш - Тэднийх!
Хаврын сарнай шиг ариухан охидод ч
Хал үзсэн ахимаг авгайд ч
Хамаг цогцсоороо дурлаж үзсэн,
Хаашдаа ч дурлах болно.

Гэрэлт сараана цэцэг...

***
Гэрэлт сараана цэцэг агаар дунд дэлбээлсэн юм шиг хайр сэтгэл минь
Гэгээн оддын дунд би тохирох байраа болсон юм шиг хайр сэтгэл минь

Орчлонгийн цоо шинэ аялгуулгаар намайг хулдан, уян зөөлөн болгоно.
Оршин тогтнохын шинэ хэлбэр, биет бус яруу сайхныг мэдэрнэм...
Оюун бодлын шинэ туяа, өөрийгөө өргөмжлөх анхны сэрэл
Одоог минь маргаашаар гэрэлтүүлэх ариун нандин хайр !

Гурван настай охин гартаа атгасан алимыг энхрийлэх шиг
Гуа сайхан амраг минь чинийхээ ягаахан хацрыг илбэмүү !

Намрын улаахан алим охины гар дээрээс алга болох шиг
Надад сонин сэрэл төрөвч, шим шүүс нь биед үлдэнэ...

Аяа, хайр сэтгэлээ би ягаахан алимны шим шүүс гэмүү !
Амьдрах хүчийг дотроос минь өгч, хацар дээр гэрэлтнэм.

Ухаангүй гэнэн, учирсан чинийхээ төлөө галзуурч чадахаар дурланам.
Униар дунд шувуудын далавч гялсхийх шиг яруу тансаг дурланам...

Урин ялдамхнаар надад мишээсэн өдөр чинь ухаан суусан би.
Уян зөөлөн бүсгүй хүнийг хайрлах нь гавьяа болохыг ойлгосон !

Хөвгүүн биед минь тохиолдсон анхны хувьсгал хайр юм.
Хөөрхөн чиний минь нүд, энэ хувьсгалын билгэдэл юм...

Дурлалын инээмсэглэлээ туг болгон, өөрийгөө өөрчлөх тулалдаанд
Дуу чимээгүй орохдоо би Итгэл, Мөрөөдөл, Хүлээхийн гаригийг нээсэн.

Тэр бүсгүйд би дурлаж байна!

***
Тэр бүсгүйд би дурлаж байна!
Тэнгэр хүртэл цэв цэлмэг гэгээн тунгалаг харагдаж байна.
Тиймээ, замд тааралдсан улс бүхэн мишээж цаанаа л нэг эелдэгхэн,
Хөлийн доорх цардмал зам зөөлөн бодогдож
Хүүхдүүдийн шуугианд тэр бүсгүйд би дурлаж байна.

Нар урьд нь ийм тунгалаг, найртай сайхнаар ивээдэг байсан гэж үү?
Надад энэ өглөө орчлон цоо шинэ харагдаж байна.
Үг бүхэн аяндаа эвлэж шүлэг ундраад,
Үнэндээ шар Лхагваа хүртэл хөөрхөн харагдаж,
Өлмий дор эрхлэлдэх зуны шинэхэн ногоо
Өөрийн минь тухай шивнэлдэн найгах шиг...

Салхи хүртэл торгон намираагаараа хацар илбэж
Сайхан Хандаадаа дурла гэх шиг...
Нар надад удам ойртон хүүхдүүдийн тунгалаг инээмсэглэлээ хайрлаж байна.
Уулс хүртэл улам тунгалаг цэнхэр, эгшиглэнтэй харагдаж байна.
Шувуу бүхэн дуулалдан байна.
Зам бүхэн шулуун, хүн бүхэн ах дүү шиг байна.
Тур ууланд үгээ хэлмээр, энэ гол устай яримаар,
Өлгийтэй хүүхдийг үнсмээр,
Өвгөн настныг хөтөлмөөр,
Өр зүрх, бие цогцос минь баясалд автаж
Үнэхээр жаргал гэдгийг мэдэрч байна
Өөрийн эрхгүй чамайг хайрласан хайраараа
Өргөн орчлонг хайрлаж байна.

Баруун-Урт хот. 1980 он